Гаргийн далай судлал
Гаргийн далай судлал (Англи: Planetary Oceanography, Astro-oceanography, Exo-oceanography) нь Дэлхийгээс бусад гараг, дагуулуудын далайг судлах шинжлэх ухаан юм. Астробиологи, астрохими, гаргийн геологи зэрэг шинжлэх ухаануудтай харьцуулахад, энэ салбар Санчирын дагуул Титан болон Бархасбадь гаргийн дагуул Европад газрын доорх далай байгааг илрүүлснээс хойш л хөгжиж эхэлсэн. Хадан эсвэл мөсөн давхаргын доорх эдгээр далайнуудыг судлахын тулд цаашдын сансрын судалгааны багууд хүрч ажиллах шаардлагатай тул энэ салбар одоогоор онолын хүрээнд байна.
Нарны аймгийн зарим тэнгэрийн биетүүдэд далай, эсвэл бүр бүхэлдээ далайгаар бүрхэгдсэн гараг байж болох тухай олон онол бий. Жишээлбэл, Далайн гараг гэх гаригууд шингэнээр бүрэн хучигдсан байх магадлалтай гэж үздэг. Далайн ванд алмаазан далай, Бархасбадь гаргийн гадаргын доор шингэн устөрөгчөөс бүрдсэн аварга далай байж болох талаар таамаглал бий.
Ангараг болон Сугар гаргууд геологийнхоо эрт үед их хэмжээний усан далайтай байсан байж магадгүй. Ангарагийн далайн онол нь гаргийн гадаргын гуравны нэгийг ус бүрхэж байсан гэж үздэг бол Сугарын хувьд дэлхийн хэмжээний далайг байгаль өөрөө ууршуулсан байж болзошгүй. Усанд уусдаг давс болон аммиак зэрэг нэгдлүүд усны хөлдөх цэгийг бууруулдаг тул сансар огторгуйн нөхцөлд ус их хэмжээгээр шингэн, давслаг эсвэл хөдлөх мөсний хэлбэрээр оршин байх боломжтой.
Батлагдаагүй ч гэсэн олон одой гараг, байгалийн дагуулуудын гадаргын доорх далайнуудын тухай таамаглал бий. Жишээлбэл, Европагийн далай нь Дэлхийн бүх усыг нийлүүлснээс хоёр дахин их эзлэхүүнтэй гэж тооцоолсон. Мөн Нарны аймгийн аварга гаргуудын уур амьсгалын доор тодорхойгүй бүтэцтэй шингэн давхаргууд оршиж байж болох юм. Нар орчмын амьдрах бүсэд орших экзогаргууд болон экзогаргийн дагуулуудад шингэн усан гадаргатай далай орших магадлал ч бий.