Jump to content

Гар утасны өгүүллэгүүд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гар утасны өгүүллэгүүд (япон: 携帯小説, Хепберн: keitai shōsetsu; хятад: 手機小說; пиньинь: shǒujī xiǎoshuō, англи. Cell phone novel) нь анх гар утсан дээр мессежээр бичигдсэн уран зохиолын бүтээлүүд юм. Энэ төрлийн уран зохиол нь Японд үүсч, тэнд алдартай уран зохиолын төрөл болж дэлгэрсэн байна. Удалгүй бусад улс орнуудад, ялангуяа Хятад, Өмнөд Солонгос, Тайвань, АНУ, Герман, Итали, Өмнөд Африкт ихэд тархсан юм. Гар утасны тэмдэгтийн хязгаарлалтаас шалтгаалан бүлгүүд нь ихэвчлэн 70-100 орчим үгтэй богино байдаг ажээ.

Гар утасны өгүүллэгүүдийг анх залуу эмэгтэйчүүд харилцаа, амрагууд, хүчингийн хэрэг, хайрын гурвалжин, жирэмслэлт зэрэг романтик уран зохиолын сэдвээр уншиж, зохиож байжээ. Гэсэн хэдий ч гар утасны өгүүллэгүүд илүү өргөн сэдвээр дэлгэрч дэлхий даяар алдартай болсон. Хэвлэмэл хэлбэрээр гарахын оронд уг зохиолыг ихэвчлэн уншигчдад имэйл, SMS мессеж эсвэл онлайн бичих, хуваалцах вэбсайтаар дамжуулан бүлэг бүрээр шууд илгээдэг байв. Японы интернетийн ёс зүйгээр гар утасны өгүүллэгүүдийн зохиолчид зохиомол болон нууц нэр давамгайлдаг учраас зохиолчдын бодит нэр нууцлаг байдаг юм.

1990-ээд онд Японд өсвөр насны охидын дунд пейжер ашиглан мессеж бичих нь түгээмэл болсон бөгөөд гар утасны холбооны төхөөрөмжүүдийн түгээмэл байдал нь эцэстээ эдгээр шинэ медиа хэлбэрүүд дээр суурилсан уран зохиолын төрлүүдийг хөгжүүлэхэд хүргэсэн. Авсаархан, өндөр агуулгатай бичих нь Японы уран зохиолын уламжлалын нэг хэсэг бөгөөд гар утасны өгүүллэгүүдийг 11-р зууны Гэнжигийн үлгэр зэрэг сонгодог Японы уран зохиолтой харьцуулдаг. Анхны гар утасны өгүүллэгийг 2003 онд Японд 30 гаран насны, өөрийгөө Ёши гэж өөрийгөө нэрлэдэг Токиогийн эр зохиож байжээ. Түүний анхны гар утасны өгүүллэг нь "Гүн хайр" (Deep Love) нэртэй цуврал байсан бөгөөд энэ нь Токиод "мөнгөөөр болзох" (энжо кёсай), ДОХ-оор өвчилсөн өсвөр насны охины тухай өгүүлдэг байна. Энэ нь маш их алдартай болсон тул бодит ном болгон хэвлэгдэж, Японд 2.6 сая хувь борлогдож, дараа нь манга /комикс/, телевизийн цуврал, кино болж хувирсан ажээ. Гар утасны өгүүллэг нь голчлон ам дамжсан яриагаар хит болж, аажмаар Тайвань, Хятад, Өмнөд Солонгост залуусын дунд дэлгэрч алдартай болж эхэлсэн. Японд хэд хэдэн сайтууд зохиолчдод их хэмжээний шагнал (100,000 ам.доллар хүртэл) санал болгож, өгүүллэгүүдийг хэвлэх эрхийг худалдаж авдаг байна.

"Би, найз охин" номын зохиогч Кики 2008 онд Японы Кейтай өгүүллэгийн шагналыг хүртсэн.

Алдартай болсон шалтгаан

[засварлах | кодоор засварлах]

Хэдийгээр Япон улс гар утасны өгүүллэгний анхны төрсөн газар байсан ч энэ үзэгдэл удалгүй Зүүн Азид тархсан бөгөөд онлайн зохиолчдын олонх нь их сургуулийн оюутнууд байсан юм. Эдгээр зохиолчид ямар өгүүлэмж залуу уншигчдыг татахыг ойлгож, өсвөр насны соёлын шинээр гарч ирж буй үйл явдлууд эсвэл чиг хандлагын элементүүдийг өөрсдийн түүхэнд оруулсан байна.

Гар утасны өгүүллэгүүд нь гар утсаар эсвэл илүү нарийвчлалтайгаар мессежээр дамжуулан өсвөр насныханд зориулсан виртуал ертөнцийг бий болгодог. Виртуал онлайн видео тоглоомуудын нэгэн адил уншигчид өөрсдийгөө түүхийн нэгдүгээр биеэр тавьж болно. Гар утасны өгүүллэгүүд нь уншигч бүрийн хувийн орон зайг бий болгодог.

Гар утасны өгүүллэг унших зуршлыг өөрчилж байна; уншигчид номын дэлгүүрт очиж ном худалдаж авах шаардлагагүй болсон. Тэд гар утсаараа онлайнаар холбогдож, роман татаж аваад, хүссэн үедээ хүссэн газраа хувийн гар утсаараа уншиж болно. Цахим номтой адил хөдөлгөөнт байдал, тохь тух нь цаг хэмнэдэг давуу талтай ажээ.