Jump to content

Георгий Гречко

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Георгий Гречко

Георгий Михайлович Гречко (орос. Гео́ргий Миха́йлович Гре́чко, 1931 оны 5-р сарын 25-нд ЗХУ-ын Ленинград хотод төрж, 2017 оны 4-р сарын 8-нд Оросын Москва хотод нас барсан) — Зөвлөлтийн сансрын нисэгч, ЗХУ-ын хошой баатар.

Георгий Гречко 1931 оны 5-р сарын 25-нд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн. Эх нь беларусь үндэстэн Александра Яковлевна, үйлдвэрийн ерөнхий инженер, эцэг нь Михаил Федорович, эрдэм шинжилгээний ажилтан, украин хүн байсан. 1941 оны 6-р сарын 15-нд 10 настай Георгий Гречкогийн эцэг эх түүнийг Харьковын ойролцоох Украин дахь эмэг эх рүү нь амралтад явуулсан үеэр дайн дэгдэж, тэрээр хоёр жилийг эзлэгдсэн нутагт өнгөрөөсөн. 1943 онд тэрээр Ленинград руу буцаж ирээд 1949 онд ахлах сургуулиа төгссөн юм. 1954 оноос хойш Сергей Королёвын нэрэмжит зураг төслийн товчоонд хагас цагаар ажиллаж байгаад 1955 онд Ленинградын Цэргийн механикийн дээд сургуулийг онц дүнтэй төгссөн байна. Улмаар Пуужин зохион бүтээх товчоонд (ОКБ-1)-д ажилласан.

ЗХУ-ын Коммунист намын гишүүн болж 1966 оноос хойш ЗХУ-ын сансрын нисгэгчдийн багт орсон.

Тэрээр нийтдээ 134 хоног 20 цаг 32 минут 58 секунд үргэлжилсэн сансрын гурван удаагийн нислэг хийж, 1 цаг 28 минутын турш нэг удаа ил сансарт гарсан байна.

Тэрээр сүүлд дэлхийн агаар мандалын судлалын хүрээнд шилдэг мэргэжилтэн болсон. Тойрог замын станцад түүний хийсэн судалгаа, туршилтын үр дүнгийн ачаар дэлхийн агаар мандлын нарийн талст бүтцийн тухай онолыг хөгжүүлсэн. Г.Гречко эрдэм шинжилгээний олон арван өгүүллэг бичсэн бөгөөд сансрын нисгэгчдийн хамт Монголд удаа дараа зочилж байжээ.

Георгий Гречко 2017 оны 4-р сарын 8-нд Москва хотноо эмнэлэгт зүрхний шигдээсээр 86 настайдаа нас барсан.