Jump to content

Георгий Димитров

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Георгий Димитров (болгар. Гео̀рги Миха̀йлов Димитро́в; 1882 оны 6-р сарын 18-нд Болгарын Перник мужийн Ковачевци тосгонд төрж, 1949 оны 7-р сарын 2-нд ЗХУ-ын Москва мужийн Барвиха тосгонд нас барсан) — Болгарын хувьсгалч, төрийн, улс төрийн болон намын зүтгэлтэн.

Болгарын болон олон улсын коммунист хөдөлгөөний зүтгэлтэн Георгий Димитровыг "Болгарын Ленин" гэж нэрлэдэг байсан бөгөөд Болгарын ард түмний удирдагч байжээ.

1909 оноос тэрээр Болгарын Ажилчны Социалист Ардчилсан Намын Төв Хорооны гишүүн байсан бөгөөд энэ нь сүүлд 1919 онд Болгарын Коммунист Нам болж өөрчлөгдсөн. 1909-1923 онд Ажилчдын Ерөнхий Үйлдвэрчний Эвлэлийн нарийн бичгийн дарга, ажил хаялтын зохион байгуулагчаар ажиллаж байжээ. 1913-1923 онд тэрээр Болгарын Парламентын гишүүн байв. 1921 онд Коминтерний 3-р Их Хуралд оролцож, тэр жилдээ Профинтерний Төв Зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. 1923 оны 9-р сард тэрээр Болгарт Цанковын засгийн газрын эсрэг зэвсэгт бослогын удирдагчдын нэг байв. Эрх мэдлийг булаан авах оролдлого бүтэлгүйтсэний дараа тэрээр В.Коларов болон Коминтерний бусад төлөөлөгчдийн хамт Югослав руу зугтаж, дараа нь ЗХУ-д амьдарч байжээ.

Түүнийг 1933 оны 2-р сарын 27-нд Рейхстагийг галдан шатаасан гэх хэргээр Нацист Германы эрх баригчид баривчилжээ. Гэсэн хэдий ч 1933 оны 9-12-р сард болсон Лайпцигийн шүүх хурал дээр түүнийг цагаатгасан байна. Шүүх хурлын үеэр Димитров өөрийгөө шүүгдэгчээс нацистуудыг буруутгагч болгон хувиргасан байдлаар хамгаалалтаа хийсэн юм.

1934 оны 2-р сарын 27-нд Георгий Димитров болон түүний хамтран зүтгэгч Васил Танев, Благой Попов нарыг Москва руу онгоцоор хүргэсэн байна. Димитровын ЗХУ дахь анхны сонгуульт албан тушаал нь тухайн үед Смольныйд байрладаг байсан Ленинградын Зөвлөлийн орлогч байсан. Болгарын засгийн газар Димитров болон түүний хамтрагчид болох Попов, Танев нарыг өөрийн иргэн гэж үзэхээс татгалзсан тул ЗХУ-ын засгийн газар гэр бүлийнх нь хүсэлтээр тэднийг Зөвлөлт Холбоот Улсын иргэн гэж хүлээн зөвшөөрсөн; 1934 оны 2-р сарын 15-нд иргэншил олгосон нь тэднийг шоронгоос суллах боломжийг бий болгосон.

И.Сталины хамт, 1936 он.

1934 оны 4-р сарын сүүлээр тэрээр Коминтерний Гүйцэтгэх хорооны Улс төрийн комисст сонгогдож, Коминтерний Төв Европын нарийн бичгийн дарга нарын газрын даргаар томилогджээ. Ийнхүү 1930-аад онд Георгий Димитров, Эрнст Тельманн, Долорес Ибаррури нарын хамт олон улсын коммунист хөдөлгөөний удирдагчдын нэг болжээ.

Дайны дараа Болгарт Зөвлөлтийн талыг баримтлагч дэглэм тогтсоны дараа Георгий Димитров 1945 оны 11-р сард эх орондоо буцаж ирэв. 1946 оны 11-р сарын 6-нд тэрээр Болгарын Сайд нарын Зөвлөлийн даргаар томилогджээ. 1948 оны 12-р сараас нас барах хүртлээ тэрээр Болгарын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

1949 оны 4-р сард Г.Димитров эмчилгээ хийлгэхээр Москвад ирэв. Тэрээр элэгний хатуурал, чихрийн шижин, архаг түрүү булчирхайн үрэвсэл өвчнөөр шаналж байв. Ирснээс хойш ердөө хоёр долоо хоногийн дараа Димитровын бие огцом мууджээ. 1949 оны 7-р сарын 2-нд Георгий Димитров Москвагийн ойролцоох Барвиха тосгонд эмчилгээ хийлгэж байхдаа нас баржээ. Зөвлөлтийн нэр хүндтэй эмч нар түүнийг зүрхний дутагдлын II үе шаттай байсан гэж оношилжээ.