Германы Христийн Ардчилсан Холбоо

Германы Христийн Ардчилсан Холбоо (товч. ГХАХ) (герм. Christlich Demokratische Union Deutschlands (CDU))- 1945 оны 6-р сарын 26-нд АНУ, Их Британи, Францад эзлэгдсэн тус улсын нутаг дэвсгэрт байгуулагдсан Германы баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн нам бөгөөд Германы Социал-демократ нам (герман. Sozialdemokratische Partei Deutschlands, SPD) нэгэн адил Германы хамгийн том улс төрийн намуудын нэг юм.
Тус нам нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ), хоёр Герман нэгдсэний дараа орчин үеийн Герман улс үүсэн хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Холбооны хэмжээний Германы Христийн Ардчилсан холбоо (ГХАХ) нь 1949 онд гурван бүс нутгийн Христийн Ардчилсан холбоонуудыг нэгтгэснээр байгуулагдсан байна. Эхлээд Христийн Ардчилсан холболо нь католик болон протестантуудын төлөөлөгчдийн "улс төрийн эх орон" болох ёстой иргэний хөдөлгөөн байсан юм. Намын нэр доторх “Холбоо” гэдэг ойлголт энэ ардын намын мөн гэсэн агуулгыг хүмүүст ойлгуулах учиртай байсан ажээ. Аль 1945 онд Христийн Ардчилсан холбоо Баруун Берлин, Кёльн хотуудад өөрийн гэсэн хөтөлбөрийн төслүүдийг гаргаж иржээ. Анхны дарга Конрад Аденауэр (1950-1966)-ийн удирдлаган дор эрчимтэй хөгжсөн юм. 1957 онд Германы Христийн Ардчилсан Холбоо болон Бавари дахь Христийн нийгмийн холбоо /ХНН/ хоёрын эвсэл Бундестагт үнэмлэхүй олонх болсон нь Германы дайны дараах түүхэн дэх цорын ганц тохиолдол юм. Энэ үед ГХАХ нь ГСДН-аас ялгаатай нь хувь хүний гишүүнчлэлд суурилсан ердийн нам биш байсан ч Конрад Аденауэрийн амжилттай бодлогын ачаар ГХАХ нам сонгогчдын дунд өргөн дэмжлэг авсан юм.

Сүүлд 1969 онд ГХАХ/ХНН хамгийн олон санал авсан хэдий ч засгийн газраа байгуулахад шаардлагатай олонхийн санал авч чадаагүй байна. Үүнээс хойш нам шинэ гишүүд элсүүлэн татах сурталчилгаагаа эрчимжүүлсэн байна. 1969-1978 оны хооронд ГХАХ-ын гишүүдийн тоо 304,000-аас 675,000 болж өссөн байна. Хельмут Коль удирдлаганд гарсаны дараа тус нам аажмаар байр сууриа сэргээж, 1976 оны сонгуульд мэдэгдэхүйц амжилтанд хүрсэн.
1980 оны сонгуулиар ГХАХ/ХНН намын эвсэл Штраусыг Бундестагийн канцлерт нэр дэвшүүлсэн боловч дахин ялагдал хүлээв. Гэсэн хэдий ч 1982 оны намар либерал Германы Чөлөөт ардчилсан нам нь Социал демократ намтай эвслээс гарч, ГХАХ/ХНН-тай нэгдэж, Хельмут Коль Бундесканцлер болсон юм. Түүний удирдлаган дор намын эвсэл 1983, 1987 оны Бундестагийн сонгуульд ялалт байгуулсан.
1989 оны 6-р сарын 30-нд намын гишүүдийн тоо ойролцоогоор 668,000 байсан. Конрад Аденауэр (1950–1966) дараачийн намын дарга нар бол Людвиг Эрхард (Ludwig Wilhelm Erhard; 1966–1967), Курт Георг Кизингер (Kurt Georg Kiesinger, 1967–1971), Райнер Барзел (Rainer Barzel, 1971–1973), Хельмут Коль (1973–1998), Вольфганг Шойбле (Wolfgang Schäuble; 1998) нар намыг удирдаж байв. Ангела Меркель 2000 оны 4-р сараас 2018 оны 12-р сар хүртэл ГХАХ намын даргаар ажиллаж байсан байна. Аннегрет Крамп-Карренбауэр (Annegret Kramp-Karrenbauer, 2018-2021), дараа нь Армин Лашет (Armin Laschet, 2021-2022) нар ГХАХ намын даргаар ажилласан юм.
2022 оны 1-р сарын 31-ээс хойш ГХАХ/ХНН-ийн эвслийн ээлжит даргаар Фридрих Мерц сонгогдоод байгаа юм.
Германы Христийн Ардчилсан холбоо намын төлөөлөл ХБНГУ-ын Ерөнхийлөгчөөр зургаан удаа: Карл Хайнрих Любке, Карл Карстенс, Ричард фон Вайззекер, Роман Херцог, Хорст Кёлер, Кристиан Вульф нар ажилласан бөгөөд таван удаа Холбооны Канцлераар: Конрад Аденауэр, Людвиг Эрхард, Курт Георг Кизингер, Хельмут Коль, Ангела Меркель нар сонгогдож байжээ.