Германы эргэн нэгдэл (1990)

Германы эргэн нэгдэл (1990) (герман. Deutsche Wiedervereinigung) буюу Германы нэгдмэл байдлын сэргээлт (Herstellung der Einheit Deutschlands) - 1990 оны 10-р сарын 3-нд БНАГУ-ыг ХБНГУ-ын Үндсэн хуулийн дагуу тус улсын бүрэлдэхүүнд нэгдэн орсон явдлыг хэлдэг. Нэгдэх үйл явцын үр дүнд шинэ улс байгуулагдаагүй бөгөөд нэгдэж орсон Зүүн Германы нутаг дэвсгэрт (Beitrittsgebiet) ХБНГУ-ын 1949 оны Үндсэн хууль үйлчилж эхэлсэн байна. Ингээд Зүүн Герман улс оршин тогнохоо больсон байна. Хуучин Зүүн Германы нутаг дэвсгэрт шинэ 5 аймаг бий болж нэгдсэн хоёр Берлин хот бие даасан нутаг гэж тунхагалсан юм. Германы хоёр улсыг нэгтгэх эрх зүйн үндэс нь "Германтай холбоотой эцсийн зохицуулалтын тухай гэрээ" (мөн гарын үсэг зурсан улсуудын хэлснээр "Хоёр дээр нэмэх нь дөрөв" гэрээ гэж нэрлэдэг: БНАГУ, ХБНГУ, Их Британи, Франц, ЗХУ, АНУ) болсон юм.
Урьдчилсан нөхцөл байдал
[засварлах | кодоор засварлах]1988 оны 10-р сарын 28-нд Германы канцлер Хельмут Коль Москвад айлчлах үеэр Германыг нэгтгэх тухай сэдвийг хөндсөн юм. Энэ айлчлалын өмнө ч Германы эрх баригчид Германыг нэгтгэх боломжтой гэсэн санаа дэвшүүлэхэд Зөвлөлтийн шинэ удирдагч Михаил Горбачёв нааштай хариу өгсөн нь Зүүн болон Баруун Германы нэгдлийн асуудлыг шийдвэрлэхэд эргэлтийн цэг болсон гэдэг.
1989 оны 6-р сард М.Горбачёвыг ХБНГУ-д айлчлах үеэр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав. Үүний дараа ЗХУ, Германы удирдагчид Германыг нэгтгэх тодорхой механизмыг боловсруулахаар нэг бус удаа уулзаж байжээ. Эдгээр хэлэлцээний үр дүнд Михаил Горбачёв Хельмут Колийн дэвшүүлсэн нөхцөлөөр Германыг нэгтгэхийг зөвшөөрсөн байна. Дараа нь ЗХУ-ын олон тэргүүлэх улс төрчид, удирдагчид М.Горбачёв Германыг нэгтгэх нөхцөл байдлын талаар ЗХУ-д ашиггүй маш их буулт хийсэн гэж гомдоллож байсан юм.

Дараа нь ЗСБНХУ, АНУ, Их Британи, Франц улсууд нэгдсэн Германд бүрэн тусгаар тогтнол олгохоор тохиролцож, 1990 оны 9-р сарын 12-нд Москвад "Германтай холбоотой эцсийн зохицуулалтын тухай гэрээ"-нд гарын үсэг зурсан юм.
Германы нэгдэлийн гол үе шатууд
[засварлах | кодоор засварлах]- 1990 оны 5-р сарын 18-нд Хельмут Коль, Лотар де Мезьер нар Бонн хотод эдийн засгийн нэгдсэн бүс байгуулах гэрээнд гарын үсэг зурсаны дараа 7-р сарын 1-нд ХБНГУ-ын дойч марк БНАГУ-ын нутагт дэвсгэрт гүйлгээнд орж өөрийн мөнгөн тэмдэгт болох марк хүчингүй болгосон юм.
- 1990 оны 6-р сарын 8-нд Баруун Берлинээс ирсэн 22 ажиглагч Бундестагийн бүрэн эрхт гишүүн болжээ.
- 1990 оны 8-р сарын 23-нд Зүүн Германы Ардын танхим ХБНГУ-д элсэн орох хүсэлт гаргажээ.
- 1990 оны 8-р сарын 31-нд Баруун Германы Дотоод хэргийн яамны сайд Вольфганг Шойбле, Зүүн Германы парламентын Төрийн нарийн бичгийн дарга Гюнтер Краузе нар гарын үсэг зурсан БНАГУ ба ХБНГУ хоёр нэгдэх тухай гэрээ байгуулав.
- 1990 оны 9-р сарын 12-нд Москва хотод "Германтай холбоотой эцсийн зохицуулалтын тухай гэрээ"-нд ХБНГУ, БНАГУ, ЗХУ, АНУ, Франц, Их Британийн гадаад хэргийн яамны тэргүүн нар гарын үсэг зурав.
1990 оны 10-р сарын 3-нд Германыг нэгтгэсэн бөгөөд тэр цагаас хойш энэ өдрийг Германы эв нэгдлийн өдөр (герман. Tag der deutschen Einheit) болгон жил бүр Үндэсний баяр болгон тэмдэглэдэг болсон. Энэ өдрийн 00:00 цагаас БНАГУ оршин тогтнохоо больж, төрийн байгууллагууд болон арми, тэнгисийн цэргийн флотыг татан буулгав. Үнэн хэрэгтээ БНАГУ-ыг өөртөө нэгтгэсэн ХБНГУ нь Европын эдийн засгийн нийгэмлэг болон НАТО-гийн гишүүн хэвээр үлдсэн юм. Үүний зэрэгцээ, нэгдсэн Герман 1991 оны 3-р сарын 15-нд буюу "Германтай холбоотой эцсийн зохицуулалтын тухай" гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр л бүрэн тусгаар тогтнолоо олж авсан байна.
БНАГУ-ын Ерөнхий сайд асан Лотар де Мезьер анх ХБНГУ-ын Засгийн газарт орсон боловч удалгүй Штаситай холбоотой нь илчлэгдэж, огцорчээ.
Эдийн засгийн асуудлууд
[засварлах | кодоор засварлах]Германыг нэгтгэх, Зүүн Германы эдийн засгийн бүтцийг өөрчлөх ажилд ихээхэн хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай байсан. Нэмэлт зардлыг нөхөхийн тулд 1991 онд Германд "эв санааны нэгдлийн нэмэлт хураамж"-ийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь орлогын албан татвар (хувь хүний хувьд) болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (хуулийн этгээдийн хувьд) 7.5% байв. Энэхүү нэмэгдэл төлбөрийн одоогийн хувь хэмжээ нь 5.5% бөгөөд орлогын тодорхой хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд ногдуулдаг ажээ. 2018 онд "эв нэгдлийн нэмэгдлийн орлог"-ын хэмжээ 18,93 тэрбум евро болжээ.
1990 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн Эдийн засаг, мөнгөний холбоо хүчин төгөлдөр болж БНАГУ-ын маркийг цалин, тэтгэвэр, зарим мөнгөн хөрөнгийн хувьд 1:1 харьцаатай, урт хугацааны хадгаламж, зээлийн үүргийг 2:1 харьцаатай Баруун Германы маркаар сольсон байна.
Германыг нэгтгэсний дараа хуучин БНАГУ-ын 14 мянган "улсын үйлдвэр"-ийг хувьчлах үйл явц эхэлсэн. Энэ зорилгоор тусгай хэлтэс байгуулагдсан - Treuhandanstalt. 1994 оны эцэс гэхэд 12162 аж ахуйн нэгжийг хувьчлагдсан. 1990 онд БНАГУ-д эд хөрөнгийн борлуулалтаас 600 тэрбум маркийн орлого олох төлөвтэй байсан ч аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахын тулд ийм хөрөнгө оруулалт хийхийг шаардаж, эцэст нь хувьчлалын үр дүнд 270 тэрбум маркийн алдагдал хүлээсэн байна. Зүүн Германд олон аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа хааж 3 жилийн дотор Зүүн Германы нийт ажилчдын 71 хувь нь шинэ ажил хайх эсвэл ажилгүй хэвээр үлдэхээс өөр аргагүйд хүрсэн байна. 2014 он гэхэд тус улсын зүүн хэсэгт ажлын байрны тоо 1989 оныхоос дөрөвний нэгтэй тэнцэж байсан нь хүн ам баруун хэсэг рүү шилжих хөдөлгөөнд хүргэсэн.
Баруун хэсэг рүү нүүсэн хүмүүсийн 60 гаруй хувь нь 30-аас доош насныхан байсан ба төрөлт эрс буурч Германы зүүн хэсгийн олон бүс нутагт ахмад настнууд давамгайлж байна. 2013 онд Германы зүүн мужуудад ажилчдын дундаж орлого тус улсын баруун мужаас 25 хувиар бага байжээ. Зүүн бүсийн дундаж гэр бүл 67,000 еврогийн өмч хөрөнгөтэй байсан бол баруунд 153,000 евро буюу хоёр дахин их хөрөнгөтэй байгаа юм.