Jump to content

Гизолфогийн Бускареллус

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гизолфогийн Бускареллус (лат. Buscarellus de Gisulfo, итали. Buscarello de Ghizolfi, буюу Buscarel of Gisolfe гэдгээр алдартай) —Монголын Хүлэгү хааны Ил Хаант улсад XIII— XIV зуунд зүтгэж байсан Генуягийн худалдаачин болон дипломат. Бүгд Найрамдах Генуя улсын далайн худалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн хүчирхэг Гизолфогийн гэр бүлийн гишүүн Бускареллус нь тухайн үед Монголын эрх баригчдад үйлчлэн зүтгэж байсан Марко Поло, Пизагийн Изол, Сиенагийн Томмасо Уги зэрэг олон европчуудын нэг байсан юм.

Бускареллус 1284-1291 онд Аргун хааны албанд орж, "хорчи" цолтой Ил хааны хувийн харуул буюу хишигтэн нарын түшмэл байжээ.

Аргун хааны 1289 оны 5-р сарын 11-нд бичиж Францын IV Филиппт хүргэсэн захидал.

1289 оны хавар Аргун хаан түүнийг Ромын Пап лам IV Николас (1288-1292), Францын хаан IV Филипп (1285-1314), Английн хаан I Эдвард (1272-1307) нарт өөрийн Элчээр илгээж байсан түүхтэй. Элчийн гол зорилго нь Сири, Палестиныг эзлэхэд Европын тусгаар тогтносон улсуудаас дэмжлэг авах явдал байв. 1289 оны намар Бускареллус Ромд ирсэн байна. Тэр жилийн 11-р эсвэл 12-р сард тэрээр IV Филипт захидал илгээж, Египетийн султаны эсрэг цэргийн кампанит ажилд (1290 оны сүүл - 1291 оны эхээр) хамтран ажиллахыг урьжээ. 1290 оны өвөл Аргун Дамаск хотын ойролцоо хуаран байгуулж, холбоотнуудаа хүлээжээ. Раббан Саума (1287-1288) тэргүүтэй өмнөх Элч нараас авчирсан Илхааны захидлын хариуг Бускареллус Францын хаанаас хүлээн авчээ. 1290 оны 1-р сарын 5-нд Бускареллус Лондонд хүрэлцэн ирж Аргуны захиасыг 1-р Эдвардад уламжилсан бөгөөд хаан Ариун газар (өнөөгийн Израилын газар нутаг) руу аян дайн хийхээр шийдсэн үед Ил хаанд мэдэгдэнэ гэж амлав.

Мөн 1290 оны сүүлээр Бускареллус Аргуны шинэ элч төлөөлөгчдийг тэргүүлж байсан бөгөөд үүнд Монголын язгууртан Чаган (Заган), Сабадин (Забедин) нар багтжээ. Пап лам 5-р сарын 14-нд Илханы Урмиад бичсэн захидлыг хүлээн авсан. 1291 онд Бускареллус Генуя хотод байсан бөгөөд тэндээсээ Английн хааны элч, Ланглигийн сэр Жеффригийн хамт Иран руу явав. Бускареллусын ач хүү Коррадо де Гизолфи 1292 онд Хүлэгүгийн нийслэл Табриз хотод хүрч ирсэн элчин сайдын яаманд аюулгүй байдлын бичиг авахаар Хар тэнгисийн эрэг дээрх Самсун хотоос гарчээ. 1291 оны 8-р сар буюу 9-р сард бичсэн Пап ламын захидалд 1292 оны 3-р сарын 19-ний өдөр Аргуныг нас барсаны дараа хүрчээ.

Аргуны хүү Газан (1295-1304) Европтой идэвхтэй дипломат харилцаагаа үргэлжлүүлсээр байв. 1301 онд Бускареллус Газанд Пап лам VIII Бонифаси (1294-1303) илгээсэн захиасыг хүргэжээ. 1301 оны хавар Сирид хийсэн аян дайн амжилтгүй болж буцаж ирсэн Илхаан шинэ аян дайныг угтан Европын удирдагчидтай эвсэл байгуулахыг эрмэлзэж байв. Газан Бускареллус, Кокедей, Түмэн нарыг 1302 оны 4-р сарын 12-ны өдрийн захидалтай Ромын пап руу илгээсэн байна. Тэд мөн хаан болон несториан католикос III Мар Ябалахигаас ирүүлсэн захидлыг 1303 оны 3-р сарын 12-нд I Эдвард хаанд хүргэж өгчээ.

Газаны дүү Өлзийт (1304-1316) европчуудтай цэргийн холбоо байгуулах оролдлогыг орхисонгүй. 1305 оны 3-р сарын 28-нд тэрээр Францын хаан Филипэд захидал илгээжээ. Уг захидлыг хүргэсэн Бускареллус захидлын ар талд хаанд зориулж орчуулга хийжээ. Өлзийт загалмайтнуудыг Ариун газарт хүрэлцэн ирэхэд нь 100 000 морь өгнө гэж амлаж байсан ажээ.