Глория Стайнем
Глория Стайнем (1934–2026) нь Америкийн сэтгүүлч, зохиолч, нийгмийн идэвхтэн бөгөөд XX зууны эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөний хамгийн нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг юм. Глория Стайнем нь 1934 оны 3-р сарын 25-нд Охайо мужийн Толедо хотод төржээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эцэг эх нь салсны дараа Стайнем сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай ээжийгээ асран халамжилж өссөн нь түүний залуу насанд хүчтэй нөлөөлсөн байдаг. Тэр Smith College-ийг 1956 онд төгсөж, дараа нь Энэтхэгт хоёр жил орчим суралцаж, аялжээ.
АНУ-д буцаж ирээд Нью-Йоркт чөлөөт сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн ч тухайн үеийн хэвлэл мэдээллийн салбарт эмэгтэй сэтгүүлчдэд ноцтой ялгаварлал байсныг өөрийн биеэр мэдэрчээ.
Глория Стайнем нь 1963 онд Playboy Club-д “Bunny” зөөгчийн дүрээр нууцаар ажиллаж, эмэгтэй ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг судалсан нь түүнийг олонд таниулсан юм. Энэхүү эрэн сурвалжилга нь Show сэтгүүлд “A Bunny's Tale” нэрээр хоёр хэсэг болон хэвлэгдэж, нууц сэтгүүл зүй буюу undercover journalism-ийн алдартай жишээнүүдийн нэг болсон. Гэхдээ Глория Стайнем хожим энэ нийтлэлээс болж хэсэг хугацаанд ноцтой сэдвээр бичих сэтгүүлчийн ажил олоход хэцүү болсон тухай ярьсан байдаг.
1960-аад оны сүүлээс эмэгтэйчүүдийн тэгш эрх, үр хөндөлтийн эрх, хөдөлмөрийн ялгаварлал зэрэг асуудлыг идэвхтэй сурвалжилж, олон нийтэд ярьж эхэлжээ.
1969 онд үр хөндөлтийн тухай олон нийтийн хэлэлцүүлгийг сурвалжилсан явдал нь өөрийгөө феминист хөдөлгөөний нэг хэсэг гэдгээ илүү тодорхой ойлгоход нөлөөлсөн гэж Стайнем хожим дурссан байдаг.
1971 онд эмэгтэйчүүдийн асуудлыг эмэгтэйчүүдийн өөрсдийн өнцгөөс тууштай хөндөх Ms. сэтгүүлийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.
Ms.-ийн туршилтын дугаар 1971 онд Нью Йорк сэтгүүлд хавсралтаар гарч, 1972 онд бие даасан сэтгүүл болон хэвлэгдэж эхэлсэн юм.
Глория Стайнем арьс өнгө, хүйс, нийгмийн давхарга зэрэг ялгаварлан гадуурхалтын асуудлууд хоорондоо холбоотой гэж үзэж, олон төрлийн иргэний эрхийн хөдөлгөөнтэй хамтран ажилладаг байв. Тэр зөвхөн сэтгүүлч бус, улс орноор аялагч илтгэгч, зохион байгуулагч, улс төрийн идэвхтэн болсон юм.
Ном зохиол бүтээл
[засварлах | кодоор засварлах]Глория Стайнемын номуудаас хамгийн алдартай нь:
- Outrageous Acts and Everyday Rebellions (1983),
- Revolution from Within (1992),
- My Life on the Road (2015) зэрэг бүтээлүүд юм.
Глория Стайнем 66 нас хүртлээ гэрлээгүй бөгөөд 2000 онд бизнес эрхлэгч, идэвхтэн Дэвид Бэйлтэй гэрлэсэн ч нөхөр нь 2003 онд нас баржээ.
2013 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүнд тус улсын иргэний дээд шагналуудын нэг болох Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонг гардуулсан. Түүний сэтгүүл зүй болон нийгмийн, хүний эрхийн идэвхтний үйл ажиллагаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нөхөн үржихүйн эрх, улс төрийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл дэх эмэгтэйчүүдийн дүрийн талаарх Америкийн олон нийтийн хэлэлцүүлэгт олон арван жилийн турш нөлөөлсөн юм.
Глория Стайнем 2026 оны 9-р сарын 2-нд Нью-Йорк дахь гэртээ 92 насандаа нас барж, сэтгүүл зүй ба эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөний хагас зуунаас давсан томоохон өв үлдээжээ.