Говь, цөлийн экосистем
Хээрийн бүсийн араар цөлийн бүсийн өмнүүр байх бие даасан биотопын орчныг говийн экосистем гэж үзэх бөгөөд Монгол орны говийн экосистем нь нутгийн 27.2 хувийг эзэлнэ гэж тодорхойлжээ.
Говийн ургамал тачир, сийрэг боловч шим, шүүс сайтай байх тул өвөрмөц зохицолдолгоотой амьдрах орчныг үүсгэдэг онцлогтой байна. Говийн экосистемийн төлөв нь цөлийн экосистемд аажмаар шилжих тул хилийн нарийн зааг ялгаа гаргахад бэрх бөгөөд Төв Азийн их цөлийн хойд хэсэг нь манай говийн өмнөд хэсэг болдог байна. Цөлд чийг нэн хомс, хуурай халуун салхитай тул бүх амьд биетийн бие организмд ус чийгийн дутагдлыг тэсвэрлэх, хэмнэлттэй зарцуулах, хэт халууныг даван туулахад чиглэсэн зохицолдолгоо хөгжсөн байдаг. Ургамлын үндэс нь олон салаалсан, газрын гүнд гүн нэвтэрсэн хүчирхэг байхаас гадна эд эрхтэндээ ус нөөцөлдөг, нэг наст ургамал нь үр хэлбэрээр хуурай халуун хөрсөнд ургах нөхцөлийг хүлээн олон жилээр хэвтдэг зэрэг хатуу ширүүн дасан зохицсон байдаг онцлогтой.
Цөлийн экосистем нь манай дэлхийн хамгийн хуурай биотоп бөгөөд түүнийг бүрдүүлэгч зүйлийн тоо цөөн, тэдгээр нь тэжээлийн хэлхээнд бие биеэ орлох боломж бараг үгүй юм.
Эндээс үзвэл говь цөлийн экосистем нь тэнцвэрт байдлаа амархан алддаг нөхцөлтэй, өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвар нь нэн сул байна.