Jump to content

Говь-Алтай аймгийн музей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Говь-Алтай аймгийн музей - 1947 онд “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр анх байгуулагдсан байна. 1967 оноос аймгийн “Орон нутгийг судлах музей” болон өргөжсөн.

Орон нутгийн байгаль, түүх-угсаатан, шашин шүтлэг, гар урлал, төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамба, эх орончид, бахархал хүндэтгэл гэсэн 8  танхимд түүхэн он цагийн дарааллаар болон сэдэвчилсэн байдлаар үзмэрүүдээ дэглэн олон нийтэд үйлчилдэг байна.

Говь-Алтай аймгийн шинэ музей байр ашиглалтанд орсноор үйл ажиллагаа нь НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-ийн баталсан Олон улсын конвенц, Олон улсын музейн зөвлөл (ICOM)-ийн үндсэн үзэл санаатай нийцэхийн зэрэгцээ Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, үзэл баримтлал, хөтөлбөртэй нягт уялдаатай байхаар зохион байгуулагдана. Аймаг орон нутгийн соёлын өвийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамггаалах, судлах, сурталчлах чиг үүрэг бүхий соёл, эрдэм шинжилгээний байгууллага болохын хувьд сумдын соёлын өвийн албан хаагчдыг мэргэжил арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, нийгэмд чиглэсэн соёл, гэгээрэл, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг явуулах болжээ.

Говь-Алтай аймгийн өв соёл, зан заншил, уламжлалын төв Монгол Улсын гавьяат эдийн засагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Лоохуузын нэрэмжит "Жангар" музейн барилгыг 2023 оны 5-р сарын 18-нд ашиглалтад орууллаа.

Говь-Алтай аймгийн музейн барилгад Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн тухай Барилга хөгжлийн төвөөс мэдээлжээ.

Шинээр баригдсан Музейн нь Алтай хотын төв Монгол Улсын баатар Жанчивын нэрэмжит талбайгаас баруун зүгт 500 метр, Баянхайрхан багийн "40 жилийн өндөрлөг"-ийн баруун талд 2500м² талбайд оршино. Музейн барилга нь 1800 мкв талбайтай, 30.2м x 29.9м харьцаатай 2 давхар, зоорьгүй цутгамал төмөр бетон карказ хийцтэй. Тус барилгын үйл ажиллагааны орон зайг ажилчдын буюу дотоод үйл ажиллагааны, үзмэрийн хэсэг буюу үйлчлүүлэгчдэд зориулсан 2 хэсэгт хувааж төлөвлөсөн байна.

Музейн шинэ байр ашиглалтад орсноор орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог орчин бүрдэж, үзмэрүүдийг зохион байгуулалттай, сонирхол татахуйц хэлбэрээр дэлгэн үзүүлэх боломж бүрдэж байгаа нь тус музейн үйл ажиллагаанд томоохон ахиц гаргаж байгаа юм.

Тус үзүүлэг, дэглэлтийн ажлын хүрээнд түүх, соёлын өвийг орчин үеийн дэглэлт, тайлбар мэдээлэлтэйгээр олон нийтэд хүргэх зорилготой бөгөөд цаашид нутгийн иргэд болон жуулчдад зориулсан боловсрол, соён гэгээрлийн үйл ажиллагааг өргөжүүлэх суурь тавигдсан байна.

Тус аймаг нь эртний хүмүүсийн оршин сууж байсан буурь бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундаж шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг юм. Тус аймгийн Орон нутгийг судлах музей нийт 2500 орчим үзмэртэй. Байгаль газар зүй, түүх угсаатан, ардын урлаг, хүндэтгэлийн гэсэн танхимуудад 1600 шахам соёлын үнэт үзмэрийг дэлгэн сурталчилдаг.

МЭӨ 4000-5000 орчим жилийн үед холбогдох хаш чулуун сүх, Галдан бошигт хааны хэрэглэж байсан 17 дугаар зууны үеийн эмээл, МЭӨ 7-3-р зууны үеийн хүрэл морь, 19-р зууны үед хэрэглэж байсан Засагт ханы барс бариултай мөнгөн тамга, сийлбэрч О.Сандагийн урласан “Зааны ясан шатар” зэрэг ховор нандин түүх, соёлын дурсгал олон бий. Музей нь сан хөмрөг болон үзүүллэгтээ 2500 гаруй үзмэртэй.