Jump to content

Гранта

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гранта бол Нэгдсэн Вант улсын уран зохиолын сэтгүүл бөгөөд тус сэтгүүл нь уран зохиолын болон бодит түүхийн аль алиных нь хүч, түргэн нийтэд хүрэх байдлыг чухалчлахаас гадна түүхийг тайлбарлах, гэрэл зургаар харуулж бодит мэт мэдрүүлэхийг гол зорилгоо болгосон. 2007 онд The Observer гэх Английн сонинд “Дуртгал, гэрэл зургийн сэтгүүл зүйг хослуулдаг, орчин үеийн реалист уран зохиолын аваргын хувьд Гранта сэтгүүл дэлхий ертөнцийг гэрчлэх цонхонд нүүрээ наан шийдэмгий зогсчээ” хэмээн бичжээ.

Гранта сэтгүүлд уран зохиолын төрлөөр Нобелийн шагнал хүртсэн 27 эрхмийн бүтээл хэвлэгджээ.

1889 онд Кембрижийн Их Сургуулийн оюутнууд Гранта сэтгүүлийг үүсгэн байгуулжээ. Анхандаа оюутнуудын улс төр, хошигнол, уран зохиолын бичвэрүүдийг багтаасан тогтмол хэвлэл байжээ. Сэтгүүл нэрээ Кембриж хотын дундуур урсдаг Гранта голоос санаа авч өгсөн. Сэтгүүлийн анхны редактор нь Данийн эрдэмтэн, крикет тоглогч Р.П.Кейвин байжээ. Харин 1912-1913 оны хооронд редактороор шүлэгч, зохиолч, шүүмжлэгч Эдвард Шэнкс ажиллажээ.

1970-аад оны үед Гранта сэтгүүл санхүүгийн хүнд байдалд орж оюутнууд ч тоохоо больсон байлаа. Тухайн үед хэсэг бүлэг магистр болон түүнээс дээш түвшний оюутнууд буюу зохиолч, продьюсер Жонатан Леви, сэтгүүлч Билл Буфорд, Петр де Болла нар сэтгүүлийг дахин сэргээжээ. 1979 онд дан Кембриж сургуулиар хязгаарлагдахгүй, өөр бусад бичээчид, уншигчдыг татсан шинэ сэтгүүл болон амжилттай гарчээ.