Грегор Мендель

Грегор Иоханн Мендель (герман. Gregor Johann Mendel, чех. Řehoř Jan Mendel; 1822 оны 7-р сарын 20-нд Австрийн эзэнт гүрний Силезид төрсөн – 1884 оны 1-р сарын 6-нд Австри-Унгарын Морави дахь Брно хотод нас барсан) - Чех-Австрийн биологич, генетикч, сүмийн хамба лам байсан.
Г.Мендель бол удамшлын онолыг үндэслэгч юм. Тэрээр удамшлын тээгчдийн тухай санааг дэвшүүлсэн бөгөөд үүнийгээ удамшлын "хүчин зүйлс" гэж нэрлэжээ. Мендель одоо ген гэж нэрлэгддэг "хүчин зүйлс"-ийн өөр хэлбэрүүд байдаг бөгөөд удамшлын шинж чанаруудын ялгааг тайлбарладаг болохыг нээсэн. Түүний моноген шинж чанаруудын удамшлын хэв маягийг нээсэн нь орчин үеийн генетикийн анхны алхам байв. Эдгээр хэв маягийг одоо Менделийн хууль гэж нэрлэдэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Иохан Мендель бага байхдаа цэцэрлэгчээр ажиллаж байгаад байгальд онцгой сонирхолтой болжээ. Тосгоны сургуульд сурсныхаа дараа Иохан Мендель 1840 онд Троппау (одоогийн Опава)-д зургаан жилийн ахлах сургуулиа төгссөн. Дараа нь 1841 онд Ольмоуц дээд сургуулийн (одоогийн Чех улсын Оломоуц) философийн ангид элсэж, төгссөн. 1843 онд тэрээр Брюнн (одоогийн Чех улсын Брно) дахь Гэгээн Томасын Августин хийдэд үсээ авахуулж ламтан болоод Грегор хэмээх нэрийг нэмж авчээ. 1844-1848 онд тэрээр Брногийн шашны сургуульд суралцжээ. 1847 онд тэрээр шашны санваартан болжээ. Тэрээр олон хичээлийг бие даан судалж, нэгэн сургуульд грек хэл, математикийн багш нарыг орлож байжээ. Багш болох шалгалт өгөхдөө биологи, геологийн хичээлээр хангалтгүй дүн авч байсан боловч 1849-1851 онд тэрээр Зноймо гимназид математик, латин, грек хэл зааж байсан юм. 1851-1853 онд тэрээр Венийн Их Сургуульд байгалийн түүхийн чиглэлээр суралцаж, дэлхийн анхны цитологичдийн нэг австрийн эрдэмтэн Франц Унгер, агуу физикч Христиан Доплер нарын удирдлага дор суралцжээ.
Ургамлын шинж чанарын өөрчлөлтийг судалснаас санаа авч, 1856-1863 онуудад тэрээр хийдийн цэцэрлэгт вандуй дээр туршилт хийж, удамшлын механизмыг тайлбарласан хуулиудыг боловсруулсан байна. Грегор Мендель өөрийн бүтээлийн 40 тусдаа хэвлэмэл захиалсан бөгөөд бараг бүгдийг нь тэргүүлэх ургамал судлалын судлаачдад илгээсэн боловч уг бүтээл нь тухайн үеийн хүмүүсийн сонирхлыг татаж чадаагүй юм.
1868 онд Менделийг Старобрно хийдийн хамба ламаар сонгож, биологийн судалгаагаа нэг мөр зогсоосон юм.
Сүм хийдийг удирдахаас гадна Мендель тус бүс нутгийн олон нийтийн амьдралд идэвхтэй оролцдог байв. 1876 онд тэрээр Моравийн Ипотекийн Банкны захирлуудын нэг болж, мөн Моравийн Ландтагийн гишүүн болж байжээ.
Грегор Мендель 1884 оны 1-р сарын 6-нд 61 насандаа архаг бөөрний үрэвслийн улмаас Брнод нас барсан.