Григорий Зиновьев

Григорий Зиновьев (орос. Григо́рий Евсе́евич Зино́вьев, төрөхдөө — Овсей-Гершен Аронович Радомысльский; 1883 оны 9-р сарын 23-нд Оросын эзэнт улсын Украин мужийн Елисаветград хотод төрж, 1936 оны 8-р сарын 25-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) — Оросын хувьсгалч, Зөвлөлтийн улс төрийн болон төрийн зүтгэлтэн. 1921-1926 онд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн Товчооны гишүүн, 1923-1924 онд Оросын Коммунист (большевик) намын Төв хорооны Зохион байгуулалтын товчооны гишүүн.
В.Ленин нас барсны дараа тэрээр Оросын Коммунист намын удирдлагад тэргүүлэх өрсөлдөгчдийн нэг байв. Тэрээр 1920-иод оны нам дотоод тэмцэлд идэвхтэй оролцдог байв. Тэрээр Бүх Холбоотны Коммунист Намаас (Большевикууд) гурван удаа (1927, 1932, 1934 онд) хөөгдөж, хоёр удаа сэргээн орсон байна. Түүнийг 1936 онд буудан цаазаар авсан бөгөөд сүүлд 1988 онд цагаатгасан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Григорий Зиновьев Елисаветград хотод (1924-1934 онд түүнд зориулж Зиновьевск гэж нэрлэж байгаад 2016 он хүртэл Кировоград, одоогийн Кропивницкий) чинээлэг еврей гэр бүлд төрсөн. Сүүний ферм эзэмшдэг эцэг Аарон Радомысльский түүнд гэрийн боловсрол эзэмшүүлж хүмүүжүүлсэн байна.
Тэрээр 1901 оноос хойш зохион байгуулалттай хувьсгалт хөдөлгөөнд оролцож, РСДРП-ын гишүүн болжээ. Новороссийск хотод ажилчдын ажил хаялт зохион байгуулсныхаа төлөө цагдаад мөрдөгдөж, 1902 онд Берлин, дараа нь Парис, Берн хотод амьдарч байгаад тэндээ 1903 онд В.И.Ленинтэй танилцсан байна. Үүний дараа Зиновьев намын удирдагчийн дотнын хүмүүсийн нэг болж, Европ даяарх социалист байгууллагуудад удаан хугацаанд байнгын төлөөлөгч болж байсан ажээ. 1903 онд болсон РСДРП-ын хоёрдугаар их хурлаар Зиновьев Лениний байр суурийг дэмжиж, большевикуудтай нэгдэв. Дараа нь тэрээр эх орондоо буцаж ирээд Украинд идэвхтэй суртал ухуулгын ажил хийсэн байна.
1917 оны хувьсгалын дараа Зөвлөлтийн удирдлагад ажиллаж, В.Ленинийг нас барах хүртэл тун ойр дотно ажиллаж байгаад дараа нь И.Сталиныг дэмжиж хэсэг дагаж байгаад сүүлд удирдагчийг шүүмжилж намаас 3 удаа хөөгдөж 2 удаа сэргээгдсэн. Тэрээр зальхай нэгэн байсан бөгөөд уран илтгэгч байсан гэж судлаачид үздэг.
1934 оны 12-р сарын 16-нд Григорий Зиновьевийг баривчлан намаас хөөж, удалгүй "Москвагийн хэрэг"-ээр 10 жилийн хорих ял оноожээ. Түүнийг Верхнеуральскийн улс төрийн шоронд хорьжээ. 1936 оны 8-р сарын 24-нд Зиновьевт Зөвлөлтийн эсрэг "Нэгдсэн Троцкист-Зиновьевийн" хэргээр цаазаар авах ял оноожээ. Түүнийг маргааш нь буюу 8-р сарын 25-ны шөнө Москвад ЗХУ-ын Дээд Ерөнхий Шүүхийн байранд цаазаар авчээ.
1988 оны 7-р сарын 13-нд ЗХУ-ын Дээд шүүхийн бага хурлаар түүнийг нөхөн цагаатгасан байна.