Григорий Потанин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Potanin-Grigorij.jpg

Григорий Николаевич Потанин (1835 оны 9 дүгээр сарын 22-нд Оросын эзэн хаант улсын Омск мужийн Семипалатинск тойргийн Ямышевская цайз гэдэг газар төрсөн. 1920 оны 6 дугаар сарын 30-нд Зөвлөлт Оросын Томск хотод нас барсан) нь Оросын газар зүйч, аялагч, хүн судлаач, ботаникч эрдэмтэн юм.

Намтар[засварлах | edit source]

Григорий хүүг төрсний дараахан эцэг Николай Ильич Потанин казак цэрэгт байхдаа хэрэгт холбогдож Омск хотод шоронд суужээ. Эх Варвара Филипповна Потанина (төрсөн овог нь:Трунина) нь түүнийг 4 настай байхад буюу 1839 оны 2 сард нас баржээ. Өнчин хүү Григорийг түүний авга ах, орос казакийн хорооны дарга Дмитрий Ильич Потанин өөр дээрээ авч хүмүүжүүлсэн байна. 1846-1852 онд Григорий Потанин Омск хотын цэргийн бага сургуульд сурч 17 настайдаа төгсөөд 1853-1858 онд Семипалатинск, Омск хотуудад цэргийн алба хаасан байна. Цэргийн албанаас чөлөөлөгдөөд Томск хотод ирж, улмаар эртнээс мөрөөдсөн Петербург хотыг зорьжээ.

1859-1862 онд Петербургийн Их сургуулийн физик-математикийн ангид эчнээгээр (чөлөөт сонсогч) сурчээ. 1861 оны 10 дугаар сард оюутны үймээнд оролцсон хэргээр баривчлагдаж, Петропавловын цайз дахь шоронд 2 сар суугаад эргэж сургуульдаа оролгүй, Омск хот руу цөлөгдсөн байна.

Зайсан нуурын аялал (1863 — 1864)[засварлах | edit source]

1863-1864 онд Кирилл (Карл) Струвегийн (герман. Karl von Struve ) Зайсан нуурын аялалд оролцож загас судлан, Эрчис мөрөн, Тарвагатайн нуруу орсон. Энэ аяллаас Г.Потанин маш том ботаникийн цуглуулагатай иржээ.

1865 онд Григорий Николаевич Потанин Томск дахь мужийн тоо бүртгэлийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан байна. Томск хотод эрэгтэй, эмэгтэй гимназид багшилж, «Томские губернские ведомости» сонинтой хамтран ажиллаж байжээ.

1865 оноос Г.Потанин 1871 он хүртэл улс төрийн хэргээр шоронд сууж, нутаг заагдаж явжээ. Тотьма хотод нэг хэсэг байж ялаа эдэлж дуусмагц Вологда мужийн Никольск хот руу нутаг заагдсан.

1874 онд Оросын Эзэн хааны газар зүйн нийгэмлэгийн хүсэлт дэмжлэгээр Потаниныг цагаатгасан байна. Тэр ондоо Александра Викторовна Лаврскаятай гэрлэсэн. Гэргий Лаврская нь 1893 онд нас бартлаа түүний аяллуудад оролцож, туслах, зураачийн үүрэг гүйцэтгэсэн байна.

Монгол нутагт хийсэн анхны эрдэм шинжилгээний аялал (1876 — 1878)[засварлах | edit source]

Тэрбээр Оросын газар зүйн нийгэмлэгийн даалгавраар 1876 оны хавар Монголын баруун хойд хэсэг рүү аялал хийжээ. Гэргий А. В. Потанина, амьтан судлаач М.М.Березовский, газар зүйч (топограф) П.А.Рафаиловын хамтаар Зайсан нуураас зүүн тийш аялж, Монгол Алтайн нурууг даван баруун Монголын Ховд хот хүрсэн байна. Энэ хоёр жилийн аяллын үр дүнд шинжлэх ухаанд тулгуурласан нутгийн газар зүйн талын ихээхэн мэдээллийг цуглуулсан байна.

Монгол, Тувагийн хоёр дахь аялал (1879 — 1880)[засварлах | edit source]

Потанин Григорий Николаевич

Г.Потанины 1879 онд эхэлсэн 2 дахь аялалд газар зүйч А.В.Адрианов, газарзүйч-топограф П.Д.Орлов нар оролцсон байдаг. Аялал Увс нуураас эхлээд Эрхүү хотод дууссан байна. Энэ аяллын үеэр цуглуулсан материалаа Потанин боловсруулж, 1883 онд Санкт-Петербургт «Очерки северо-западной Монголии» нэртэй газар зүйн нийгэмлэгийн 4 боть ном болгон гаргасан.

Үүнээс хойш Г.Потанин Хятад, Төвөд рүү хоёр удаа /1884-1886, 1892-1893/ аялал зохион байгуулж байжээ. Энэ талаараа газар зүйн нийгэмлэгийн хэвлэлд 1893 онд «Тангутско-тибетская окраина Китая и центральная Монголия» нэртэй гарч байсан. Тэрбээр 1899 онд Их Хянганы нуруу руу сүүлчийн аяллаа хийж байсан.

1902 оноос Томск хотод нэг мөр суурин амьдрах болсон бөгөөд 1915 онд тус хотын “Хүндэт иргэн” болжээ.

Казах хэл сайн мэддэг байсан тэрбээр Оренбург хотод болсон Бүх киргизийн анхны хуралд оролцож байжээ.

Г.Потанин 1920 оны 6 дугаар сарын 30-нд Томск хотын Их сургуулийн эмнэлэгт нас барсан.

Түүний нэрээр Монголын Алтайн нуруунд орших нэгэн мөсөн гол нэрлэгдсэн байдаг.

Бүтээлүүд[засварлах | edit source]

  • Потанин Г. Н. Урга // Всемирная иллюстрация : журнал. — 1891. — Т. 46, № 1178. — С. 131—133.
  • Потанин Г. Н. Очерки северо-западной Монголии" в четырёх томах. — СПб., 1881—1883 (Вып. I; Вып. II; Вып. III; Вып. IV)
  • Потанин Г. Н. Тангутско-тибетская окраина Китая и центральная Монголия", 1893
  • Потанин Г. Н. Областническая тенденция в Сибири. — Томск, 1907 (Основная работа Потанина по областничеству) (в РГБ)
  • Потанин Г. Н. Пи-Лин-Сы. (Отрывок из путевых заметок о северо-восточном Тибете) // Исторический вестник, 1892. — Т. 48. — № 5. — С. 390—405.
  • Потанин Г. Н. Восточные мотивы в средневековом европейском эпосе". — М., 1899.
  • Потанин Г. Н. Сага о Соломоне. Восточные мотивы к вопросу о происхождении саги. — Томск, 1912.
  • Потанин Г. Н. Ерке. Культ сына неба в Северной Азии. Материалы к турко-монгольской мифологии. — Томск, 1916.