Гуанши

Гуанши буюу албан ёсоор Гуанши - Жуангийн өөртөө засах орон (хятад. 广西壮族自治区, пиньинь Guǎngxī Zhuàngzú Zìzhìqū ; жуан хэл. Gvangjsih Bouxcuengh Swcigih) — БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт орших өөртөө засах орон. Захиргааны төв болон хамгийн том хот нь Наньнин юм. Гуанши өөртөө засах оронд 2020 оны байдлаар 50,126 сая хүн оршин сууж байсан.
БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт орших тус өөртөө засах орон Өмнөд хятадын тэнгисийн Тонкины булан руу гарцтай. Уг өөртөө засах орон зүүн өмнөд хэсгээрээ Гуандун, зүүн хойгуураа Хэнань, хойгуураа Гуйжоу, баруун хэсгээрээ Юньнань муж тус тус хиллэдэг бөгөөд баруун өмнүүрээ Вьетнам улстай хил залгадаг.

1999 оноос хойш Гуаншийн гадаад худалдааны хамгийн том түнш нь Вьетнам улс юм. Мөн Хятадын зах зээл рүү шар айраг, кофе, уул уурхайн түүхий эд экспортолж, электрон бараа, үйлдвэрийн тоног төхөөрөмж, цай импортолдог Лаос улстай худалдаа хийдэг ажээ. 2023 онд Гуанши орны гадаад худалдааны нийт хэмжээ 693 тэрбум 650 сая юань буюу 97 тэрбум 510 сая ам.долларт хүрсэн байна.
Гуанши бол олон үндэстний нутаг юм. Хүн амын дийлэнх нь хятад үндэстэн (62%), хоёр дахь том үндэстэн бол Жуан (34%) бөгөөд энэ нь бүс нутгийн бүтэн нэрд тусгагдсан байдаг. Мөн Яо, Мяо, Дун, Мулао, Маонан, Хүй, Буйи, Вьетнам, Шүй, И, Гэ Лао, Манж зэрэг үндэстнүүдий төлөөлөл бий.