Jump to content

Гэгээн Петрийн талбай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гэгээн Петрийн талбай

Гэгээн Петрийн талбай (итал. Piazza San Pietro) — Ватикан дахь дэлхийн христын шашны гол Гэгээн Петрийн цогчин дуганы өмнөх талбай. Энэ талбайг Италийн барокко архитектор Жованни Лоренцо Бернини-гийн зураг төслөөр 1656-1667 оны хооронд байгуулжээ. Энэ нь хот төлөвлөх урлагийн хамгийн гайхамшигтай бүтээлүүдийн нэг гэж тооцогддог.

Талбайн бүтэц нь цогчин дуаны нэгэн адил олон архитекторууд гар бие оролцож аажмаар бүтсэн юм. 1585 онд Ромын Пап V Сикст хотыг сэргээн босгох, тохижуулах, шинэ гудамж барих, талбайг өргөтгөх, чимэглэх, хотын төв хэсгийг эртний Ромын баганаар тодруулах зэрэг томоохон ажлуудыг хийжээ. 1586 онд Ромын Пап туршлагатай архитектор, инженер Доменико Фонтана-д Гэгээн Петрийн цогчин дуганы өмнөх талбайг босоо баганаар чимэглэхийг даалгасан бөгөөд энэ нь Ватиканы сүр жавхланг харуулсан дурсгалт газар болсон юм.

Ватиканы багана нь 25.5 метр өндөр буюу суурийн хамт 41 метр бөгөөд 350 тонн жинтэй ажээ. Баганыг МЭ 37 онд Эзэн хаан Калигулагийн үед Хелиополиос Ромд авчирч Нероны циркийн төвд суурилуулсан. Домогт өгүүлснээр, элч гэгээн Петрийг тамлан зовоож, дараа нь цаазаар авсан эзэн хааны цэцэрлэгт хүрээлэнд (одоогийн Ватикан) энэ багана байрандаа үлдсэн байна. Эхлээд баганыг хэвтээ байдлаар тусгай тавцан дээр бэхлээд, дараа нь бул өргөгчийн тусламжтайгаар суурилуулах газар руу нь татаж зөөсөн байна. Доменико Фонтана өөрөө удирдсан энэхүү ажиллагаанд 800 ажилчин, 75 морь, 44 өргөгч хэрэг болсон энэ ажиллагааг одоо ч инженерчлэлийн гайхамшиг гэж үздэг. Ром дахь Сикстиний ордны барилгын ажлыг Фонтана өөрөө сийлбэрээр дүрсэлж, зурсан байдаг.

1607-1612 оны хооронд Ромын Пап лам V Паулын тушаалаар архитектор Карло Мадерна-гийн зурагаар 114.69 метр өргөн, 45.55 метр өндөр сүмийн аварга том нүүрэн хэсгийг барьсан юм.