Гэгээн Фрэнсис Хавьер их сургууль
Гэгээн Фрэнсис Хавьер их сургууль (Англи: St. Francis Xavier University) нь Канадын Нова Скоша мужийн Антигониш хотод байрладаг, ерөнхий эрдмийн бакалаврын түвшний боловсрол олгодог, улсын их сургууль юм. Энэ нь Зүүн Канадын бакалаврын их, дээд сургуулиудаас бүрдсэн Maple League-ийн гишүүн байгууллага юм.
Maclean’s сэтгүүлийн 2022 оны Канадын их, дээд сургуулиудын гарын авлагад Гэгээн Фрэнсис Хавьер их сургууль бакалаврын их сургуулиудын ангилалд долоодугаар байрт жагссан. Мөн тухайн жилд Maclean’s-ийн нэр хүндийн судалгаагаар Канадын их сургуулиудын дунд 34-р байрт оржээ.
2000-2004 оны хооронд Гэгээн Фрэнсис Хавьер Их Сургуулийн оюутнууд, оюутны тоонд харьцуулбал, Канадын бусад их, дээд сургуулиудаас хамгийн олон удаа Байгалийн Шинжлэх Ухаан, Инженерийн Судалгааны Зөвлөлийн (NSERC) шагналыг хүртсэн байна.
Сургуулийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]Гэгээн Фрэнсис Хавьер Их Сургууль нь дараах факультетуудаас бүрдэнэ:
- Урлагийн Факультет
- Шинжлэх Ухааны Факультет
- Жеральд Шварц Бизнесийн Сургууль
- Боловсролын Факультет
- Брайан Малнори Засаглалын Институт
- Коуди Хүрээлэн
Факультет бүрийг тухайн салбарын профессоруудын дундаас сонгогдсон декан удирддаг.
Тэтгэлэг, Санхүүгийн Дэмжлэг
[засварлах | кодоор засварлах]Гэгээн Фрэнсис Хавьер Их Сургууль нь жил бүр 2 сая гаруй долларын, амжилтад суурилсан тэтгэлэг, санхүүгийн тусламжийг шинэ болон одоогийн оюутнуудад олгодог. 12-р ангийн дундаж дүн 85% ба түүнээс дээш байгаа элсэгчид автоматаар 5,000 долларын (жилийн 1,250 доллар, 4 жилийн хугацаанд) тэтгэлэг авах эрхтэй. Харин өндөр оноотой элсэгчдэд 7,000 доллар ба түүнээс дээш хэмжээний тэтгэлэг санал болгодог.