Jump to content

Гэлэгийн Жамсран

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

БУЯНТЦАГААНЫ 100 ЖИЛ-100 ЭРХЭМ. №2

Буянтцагаан гол сумын хүн ардын зүрх сэтгэлд хүрч он удаан жил хөдөлмөр зүтгэл гарган ажиллаж тэдний сэтгэлд мөнхөрсөн  эрхэм бол агуу удирдан зохион байгуулагч Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ардын Депутатуудын Хурлын (АДХ) гүйцэтгэх захиргааны дарга, "УРГАЦ" нэгдлийн дарга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ГЭЛЭГИЙН ЖАМСРАН юм. Тэрээр 1930 онд Баянбулаг суманд төржээ. 1947 онд Архангай аймгийн Мал эмнэлэгийн техникумыг төгсөж Мал эмч мэргэжлийг эзэмшсэн байна. Улмаар 1973 онд Намын дээд сургуулийг төгссөн тэрээр өөрийн бүхий л сурсан эрдэм мэдлэг, авьяас чадвар, оюун ухаанаа Буянтцагаанчууд, Ургац нэгдлийн төлөө зориулсан юм. 1954 онд Малын бага эмчээр ажлын гараагаа эхлүүлсэн тэрээр 1990 он хүртэл тасралтгүй төр, нийгмийн төлөө зүтгэхдээ 1968-1990 онуудад Бууцагаан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, УРГАЦ нэгдлийн даргаар ажиллаж Монголын жишиг тэргүүний сум болтол нь удирдан жолоодож өөрийн удирдлагын баг, хөдөлмөрч ард түмний хамт хүйтэнд хөрч, халуунд халж хүн ардынхаа ирээдүйн сайхны төлөө эрхэлсэн ажилдаа үнэнчээр зүтгэн халуун залуу наснаасаа бүхий л насаа зориулсан бахархалт хүмүүн билээ. Баатар даргын маань  тухай домог, түүх болсон сайхан дурсамжууд өнөө хүртэл нутгийн зон олон болон Монголчуудын дунд хөвөрсөөр байдгийг бид мэдэх билээ. Тухайлбал, түүний тухай дурсан бичсэн хамтран зүтгэж явсан эрхмүүд болон жирийн сайхан олон түмний дурсамжаас харагддаг юм. Заримаас дурьдвал:

1983-1991 онд сумын Намын үүрийн даргаар ажиллаж байсан Ж.Цэдэндорж "ЖИНХЭНЭ ДАРГА" дурсамждаа "... Гэлэгийн Жамсран нь яах аргагүй миний дотно хүний нэг билээ. Тэрээр социализмыг бүтээн байгуулагчдын томоохон төлөөлөгч тухайн нийгэмд олны танил болсон нэр алдартай хүн байлаа. Ховдын ЛУВСАН, Хөвсгөлийн АВАРЗЭД, Говь-Алтайн ЧУЛУУН, ЛОДОЙХҮҮ, Архангайн МИНЖҮҮР, Завханы АДЬШААЖАВ, Хэнтийн ГОМБОЖАВ зэрэг гарын арван хуруунд нэрлэх Нэгдлийн цөөхөн ХӨДӨЛМӨРИЙН БААТАР алдар гавьяатай дарга нарын эгнээнд Жамсран гуай багтаж байв. Ийм мундаг хүний дэргэд 7 жил би ажиллаж хүн удирдах арга, ХАА-н амьдралын нарийн ширийн мэдлэг, ухаанаас багагүй зүйлийг сурч мэдэж авсан юм... " гэсэн бол, Сум, нэгдлийн орлогч дарга (1976-1989) Д.Загай "ЭГЭЛ БААТАР" дурсамждаа "... 1976 онд намайг Улаанбаатар хотод Улсын барилгын зургийн институтэд ажиллаж байхад анх Жамсран дарга уулзаад Та хоёр нутагтаа очиж ажилла. Аймаг дамжуулахгүй би шууд авна гэснээр бид хоёр зөвшөөрч хоёр сарын дотор хөдөө гарах болсноо дарга нартаа учирлаж Дуламсүрэн Нэгдлийн холбооны Дээд зөвлөлийн мэрг:эжилтний ажлаа өгч ЖА дарга нэгдлийн Сэдхүү жолоочийг Зил-130 тай ирүүлж бид УРГАЦ нэгдлийн ам бүлд нэгдсэн юм... Ургац нэгдлийн хөгжлийн оргил үеийг 1970 оноос эхтэй болов уу гэж боддог юм. Жа дарга нэгдэлд туслах аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай аж ахуйн нэгж салбаруудыг байгуулж зохион байгуулалтын хувьд бие дааж ажиллах чиглэлийг барьж ажиллаж байсан нь мэдрэгддэг. Энэ хугацаанд шувуу, гахай, туулай тэжээлийн үйлдвэр байгуулан хэрэгцээт тэжээлийн 20%-ийг орон нутгийн материал /ногоо, тэжээл, овьёос, арвай, буудай/ ашиглан үйлдвэрлэж байв. Барилгын нэгдсэн бригадаа чадавхжуулж нэгдсэн зураг төсөвтэй барилга байгууламжийг барьж үүнд, нэгдэл захиргааны нэгдсэн контор, зочид буудал, ундааны цех, хуримын ордон, Худалдаа бэлтгэлийн ангийн дэлгүүрийн барилгыг дурьдах хэрэгтэй . Энэ ажилд тэтгэвэрт гартлаа ажилласан өвгөн Д.Дамдинд хамт олон нь талархаж явдаг юм. ЖА даргын үед нэгдэл 1979 онд АЛТАН ГАДАС ОДОН--гоор шагнагдаж Гавьяат нэгдэлчин АЛТАН ХУРАГ-ийн эзэн Г.ГАЛТАЙ, Улсын аварга малчин Д.ДЭМБЭРЭЛ, Х. ТЭРБИШ, С.БААСАНЖАВ, Д.САМДАН,, АЛТАН УНАГА-н эзэн спортын мастер П.ЖАМБАЛ, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ Д.БАТГЭРЭЛ, УЛСЫН ЗАЛУУ АВАРГА А.Лхагвасүрэн, Л.Дамдинбазар, О.Амарбаяр, АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН-аар 40 гаруй малчин шалгарч байсан нь бахархал... " гэсэн бол Ахмад ажилтан А.ЦЭГМИД "26 ЖИЛ ХАМТ АЖИЛЛАСАНДАА" дурсамждаа "... Г.Жамсран дарга нь аливаа ажлыг өөрийн биеэр удирдан зохион байгуулж, эхэлсэн ажлынхаа үр дүнг харж байж санаа амардаг хүн. Тийм ч учраас олон шинэлэг ажлуудыг гардан зохион байгуулж амьдрал дээр бий болгосон..." хэмээн дурсжээ. Буянт эрдэм ЕБС-ийн нэг үеийн захирал, Нам, эвлэлийн ахмад ажилтан Б.ЛҮНДЭН "ЗӨӨЛӨН ЖАМСРАН" дурсамждаа "... Тэртээ 1968 оны Бичин жилийн зуд Баянхонгор аймаг, тэр дундаа Бууцагаан, Баянбүрд суманд мөн ч их гарз хохирол учруулж билээ. 90 мянга хүрэхтэй үгүй малтай,  улсад урт, богино хугацаатай өр ихтэй, МАА-н материалаг бааз хангалтгүй, санхүүгийн чадавх ядмаг хоёр сумыг нэгтгэн /Бууцагаан, Баянбүрд/" Сум-Нэгдлийн даргаар Г.Жамсранг томилсон юм ... Хамтран ажилладаг нөхөддөө халамж тавьдаг, амьдралд нь тусалж дэмждэг, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхэд нь байнга эрхэмлэдэг сайн халамжлан хүмүүжүүлэгч, Нөхрийн дутагдлыг шууд нүүрэн дээр нь ил тод хэлдэг, буулт зөөлөнтэй, өрөвч уяхан сэтгэлтэй, тэр чанараараа бусдыг биедээ татаж чаддаг увидастай . Хүний удам угсааг 3 үеэр нь мэднэ. Нутгийн биднийг ичээнэ, Амралт чөлөөт цагаараа хөгжөөн наргиантай, хүүхэд хөгшидгүй тоглоно. Бас хор шартай.... Шинийг сэдэж санаачлаад гүйцээж чаддаг хичээнгүй хөдөлмөрч хүн" хэмээн дурсжээ. Сэтгүүлч, нийтлэлч А.ХООГОЙ "ДАРГА ТҮҮХЭН ХҮН" дурсамждаа "... Сургууль соёл, цэцэрлэг, хүн эмнэлэгийг хөгжүүлэх, шинэ барилга байшинтай болгоход Хөдөлмөрийн баатар Г.Жамсран гуайн оруулсан хувь нэмэр, зүтгэл бүтээл үнэлж баршгүй их..." гэсэн бол Зохиолч, сэтгүүлч ЛХАГВЫН ДАШДОРЖ "СҮҮ ӨРГӨН ХЭЛЭХ СЭТГЭЛИЙН ЦАЦЛАГА" дурсамж нийтлэлд Баатар даргын аж амьдралын бүхий дүр зураг бүхлээрээ багтсан гайхамшигтай, бахархалтай сайхан буюу.

Ийнхүү эрхэм хүмүүн ГЭЛЭГИЙН ЖАМСРАНГИЙН Хөдөө аж ахуйн байгууллагад олон жил идэвх, зүтгэл, үр бүтээлтэй ажиллан удирдсан нэгдлээ аж ахуй, зохион байгуулалтын талаар бэхжүүлж, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж байгааг тэмдэглэж БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1988 оны 9-р сарын 16-ны өдрийн 131-р зарлигаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, УРГАЦ нэгдлийн дарга ГЭЛЭГИЙН ЖАМСРАНД "Хөдөлмөрийн баатар" цол олгож, СҮХБААТАРЫН ОДОН, АЛТАН СОЁМБОТ медиалаар шагнасан юм.

Ингээд Буянцагааны зуун зууны түүхийг бүтээлцсэн бахархал болсон өвөг дээдсүүд эрхмүүдээ саная, хүндэлье, дээдлэе, бишрэе.

Сайн үйлс бүхэн үргэлж дэлгэртүгэй.

2024-02-19.