Гэрийн хүмүүжил
Гэрийн хүмүүжил -д эрт дээр үеэсээ Монголчууд асар их ач холбогдол өгч анхаарч ирсэн. Энэ нь үндсэндээ монголчуудын үнэт зүйлд суурилсан ёс зүйтэй ардын сурган хүмүүжүүлэх ухаан юм. Гэрийн ёсыг эх хүн голдуу хариуцаж, эцэг нь хянаж бататгадан чиглүүлдэг уламжлалтай юм. Гэрийн хүмүүжлийн гол зүйлд: багаас нь ажилд сургах, байгаль орчиноо ажиглах, хайрлах бөгөөд бэрхшээлийг давж сургах. Үнэнч шударга байх, ном сурах, эрүүл чийрэг, эцэг, эх, ахмад хүмүүсийг хүндэтгэх ёс заншилд сургах, дүү нараа асрах, хамгаалах гэсэн хэдэн гол чиглэл юм.
Гэрийн хүмүүжил насны заагаар дөрвөн үетэй: нялхаас – 4 нас, 5 наснаас 12 нас, 12 наснаас 17 нас. Үе тус бүрт хийж сурах ажил, эзэмших хэвшил, олгох хүмүүжил гэсэн чиглэлтэй байв. Тухайлбал: 4 – 5 насанд морь унуулж, ишиг хурга эргүүлж, ойр зуурын юм дөхүүлж өгч сургадаг. Эрэгтэй хүүхдийг 5 – 6 насанд нум сум хийж өгч харвуулж сургаад 12 наснаас нь цэгц онолтойг тогтоолгож, 13 наснаас жил бүр цуглуулан шүүлэг авдаг байв.
Монголчууд үр хүүхдээ балчир багаас нь, өөрөөр хэлбэл, хөлд орохоос нь эхлэн гаднаас 1 – 2 ширхэг аргал оруулах, аяга шаазан дөхүүлэх, улмаар 4 – 5 насанд хүрэхээр нь гэр ахуй, мал аж ахуйн ажилд сургах, тухайлбал, таван хушуу малд хайртай, хөдөлмөрч болгон мал сүргийн ашиг шимийг дээдлэн сургахын хамт нутаг усныхаа ахмад хүмүүсийг хүндлэх хэв ёсноос зааж, гэр бүлийн хүмүүжлийг олгодог заншилтай байжээ.
Ном сурч, хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, эрдэм, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрэх, эрдэм номтой, аж ахуйч болгохоор чиглэгдэж байсан гэрийн сурган хүмүүжүүлэх ухааны гол үндэс нь юм.
Мөн хүүхдээ хүмүүжүүлэн сургаж ирсэн заншил ёс горимд хөвгүүд, охидыг балчир наснаас нь хүн авгайлах, хүндэтгэх, хүний мэнд асуух ёсонд сургах, амьдрал ахуйн уламжлалт, ном, үлгэр, тоглоом наадам дуу хуур, үлгэр оньсого зааж, өдөр гариг, сар, жилийг 12 амьтнаар нэрлэх, жилийн дөрвөн улирал, дэлхий ертөнцийн дөрвөн зүг, найман зовхис, нутаг, орны уул, ус, ургамал, баялаг, ан гөрөөс зэргээс таниулан зааж сургах гэрийн сургамж, сурган хүмүүжүүлэх арвин их хэв заншилт ёс горимтой болоод зогсохгүй, бичиг үсэгт сургаж байжээ.
Эх нь охиноо утас зүү бариулж, оёдол үйлд сургахдаа эхлэн <хөвөрдөх> оёо сургаад, хөшөлдүүлэх, шаглах оёдол, оймсны ул, гутлын зулаг оёх ажилд сургадаг байв. Ийм уламжлалтай учир монголчуудын бэр сонгох ёсонд айлын охины оёдол үйлийн чадварыг харгалзан үздэг нь зүй бус ажээ.
Монголчуудын айл өрхийн гэрийн доторхи хүмүүжил маш дэг журамтай байв. Энэ дэг ёс, ёс горим нь хатуу хэрцгий биш, эцэг эх нь хүүхдүүдтэйгээ их эелдэг сайхан харилцаатай <миний хүү>, <миний охин> хэмээн дуудаж, тэднийг өрх гэрийнхэн, ахмад хүний үгс, сургамжийг сонсч, хүндэлдэг болон нийгмийн хэв журмыг дагадаг үзлээр хүмүүжүүлдэг ажээ. Тиймээс өрх гэрт хүүхдүүдийн дагаж мөрдөх ёс горим, дээр хорио цөөнгүй байжээ.
Манай ард түмэн эртнээс нааш хөдөлмөр, оюун ухааныг эрхэмлэн үзэж үр хүүхдээ балчир бага наснаас нь эхлэн ажилч хичээнгүй, даруу төлөв, эрдэм номтой, сийрэг ухаантай, нийгмийн ёс журмыг хүндэтгэн дагадаг сахилга баттай шударга сайн хүн болгохын төлөө сэтгэлээ тавьж <Эрхийг сурахаар бэрхийг сур> гэж аав ээж, ах эгч нараас эхлэн айл аймгийн жирийн хүмүүс хүртэл уйгагүй хэлж сургаж захидаг заншилтай байж ирсэн.