Jump to content

Гётегийн хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гётегийн хүрээлэн (Гётегийн нэрэмжит Германы Соёлын Төв, герман: Goethe-Institut) - Германы төрийн бус байгууллага бөгөөд гадаадад герман хэлийг сурталчлах, олон улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Үүний хамгийн чухал зорилго нь герман хэлийг гадаад хэл болгон заах явдал юм. Гётегийн хүрээлэн нь Германтай соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой бөгөөд үүнд зөвхөн кино, хөгжим, уран зохиол төдийгүй нийгмийн үнэт зүйлсийн солилцоо багтдаг байна. Тус байгууллагыг дэлхийд алдартай Германы яруу найрагч Иоханн Вольфганг фон Гётегийн нэрээр нэрэлсэн байна.

Дэлхийн 100 оронд байрлах 154 Гётегийн хүрээлэнгүүд өөрсдийн түнш байгууллагын хамт дэлхийг хамарсан сүлжээг бий болгодог байна. Германы Гадаад хэргийн яам тус хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Бие даасан хүрээлэнгийн хувьд эрх зүйн хувьд бие даасан, аль нэг улс төрийн болон намын бодлогоос ангид ажилладаг байна. Гётегийн хүрээлэнгийн нийт төсвийн гуравны нэгийг хэлний сургалт, шалгалтын орлого бүрдүүлдэг бөгөөд үйл ажиллагаанд Европын Холбоо, Холбооны улсын бусад яамд, Герман болон хилийн чанадад орших сангууд, компаниуд дэмжлэг үзүүлдэг байна.

Гёте хүрээлэн нь 1925 онд байгуулагдсан Германы Академийн залгамжлагчаар 1951 онд байгуулагдсан түүхтэй. Анхны зорилго нь Германд гадаадын герман хэлний багш нарыг бэлтгэх явдал байжээ. Анхны хэлний курсууд 1953 онд нээгдсэн бөгөөд үүний зэрэгцээ тус хүрээлэн гадаадад герман хэлийг сурталчлах ажлыг эхлүүлсэн юм. 1959-1960 оны хооронд гадаадад байгаа германы бүх соёлын байгууллагууд Гётегийн хүрээлнгийн нэг хэсэг болсон. 1968 онд тус хүрээлэн соёлын хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. 1989 онд "Төмөр хөшиг" нурсны дараа тус хүрээлэн Зүүн Европын орнуудад үйл ажиллагаагаа хурдацтай өргөжүүлж, олон тооны салбаруудаа нээсэн юм.

2004 онд Умард Солонгос дахь Барууны соёлын хүрээлэнгийн анхны салбар болох Гётегийн хүрээлэн Пёньянд нээгдсэн юм. Гэсэн хэдий ч цензур болон орон нутгийн засаг захиргааны асуудлаас болж 2009 онд хаагдсан юм. 2008, 2009 онд Дар-эс-Салам, Новосибирск, Луанда хотуудад Гётегийн хүрээлэнгүүд нээгдсэн. Одоогийн байдлаар тус хүрээлэн дэлхий даяар салбартай: Германы хотуудад-12, дэлхийн 98 оронд 159 байна. Орос улсад Гётегийн хүрээлэнгийн салбарууд Москва, Санкт-Петербург, Новосибирск гэсэн гурван хотод үйл ажиллагаа явуулдаг байна.

Беларусийн Гадаад хэргийн яамны хүсэлтээр Минск дахь Гётегийн хүрээлэн 2021 оны 7-р сарын 30-нд үйл ажиллагаагаа зогсоосон.

Орос улс Украинд халдсаны дараа тус хүрээлэнгийн Оросын эрх баригчид болон боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаа хязгаарлагдсан. Гэсэн хэдий ч Оросын эрх баригчидтай холбоотой асуудлууд гарч ирсэн ч тус хүрээлэн сургалт, шалгалтуудыг үргэлжлүүлэн явуулсаар байна.

Байгууллагын удирдлага

[засварлах | кодоор засварлах]

Гётегийн хүрээлэнгийн хамгийн дээд удирдах байгууллага нь Ерөнхий Ассамблей (герман. Mitgliederversammlung) бөгөөд Ерөнхий Ассамблейн хооронд Захирлуудын Зөвлөл (Vorstand) удирддаг байна. 3500 гаруй хүн ажилладаг Гётегийн хүрээлэнг Германы засгийн газар санхүүжүүлдэг. 2008 онд тус хүрээлэнгийн төсөв 320 сая евро байсан бөгөөд үүний 211 сая еврог Германы Холбооны Гадаад хэргийн яамны татаасаас бүрдүүлжээ. Тус хүрээлэн нь дотоод болон олон улсад хэлний сургалт явуулж, шалгалт зохион байгуулснаас 99 сая гаруй евро олсон байна. Тус хүрээлэн нь олон улсын оюутнуудад тэтгэлэг олгодог. Тэтгэлэг хүртэгчдийн ихэнх нь Герман хэлний багш нар юм.

Гётегийн хүрээлэнгийн төв байр нь Мюнхенд байрладаг бөгөөд 2020 оны 11-р сараас хойш тус хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан Клаус-Дитер Леманны залгамжлагч Карола Ленц ажиллаж байгаа юм.

Монгол дахь Гётегийн хүрээлэн

[засварлах | кодоор засварлах]

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын соёлын байгууллага болох Гёте-Институтийн Монгол улс дахь салбар 2009 оноос хойш Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж байна.