Jump to content

Гүрж дарс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гүрж дарс- Гүрж улсад үйлдвэрлэсэн дарсыг хэлнэ. Дарсны үйлдвэрлэл нь Гүржийн эдийн засгийн гол салбаруудын нэг бөгөөд үндэсний соёл, уламжлалын өвөрмөц онцлогтой нягт холбоотой юм. Зөвлөлтийн үед Гүржийн сүлдэнд усан үзмийн модны дүрс байдаг байсан нь тохиолдол биш юм. Дарсны үйлдвэрлэлээрээ Гүрж дээгүүрт ордог. Дэлхийн хамгийн эртний дарсны үйлдвэрлэл Гүржид байсан гэдэг нь эх сурвалжаар нотлогдсон байдаг юм.

Гүржид 400-500 төрлийн уугуул усан үзэм байдаг ч цагаан Ркацители болон хар Саперави усан үзэм нь хамгийн өргөн тархсан байдаг юм. Дэлхийн дарс үйлдвэрлэлд хуурай дарсны эзлэх хувь нэмэгдэж байгаа ч "Хванчкара", "Кинзмараули" зэрэг байгалийн гаралтай хагас чихэрлэг дарс нь Гүржийн дарсны үйлдвэрлэлийн дийлэнх хэсгийг эзэлсээр байна. Хэдийгээр Гүрж улс нь 5-10 дарсны бүс нутагтай боловч дарсны ихэнхи буюу ойролцоогоор 80%)нь тус улсын хамгийн зүүн хэсэгт орших Кахетид үйлдвэрлэгддэг бөгөөд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн 27 дарс үйлдвэрлэлийн усан үзмийн бичил бүсийн 20 нь энд оршдог ажээ.

Гүржид дарс үйлдвэрлэх болон хэрэглэх өвөрмөц өөрийн гэсэн соёлтой. Эртний уламжлал ёсоор дарсыг ихэвчлэн эртний Грекийн амфоратай төстэй шавар саванд (квеври) исгэдэг хэвээр байна. Хөдөө аж ахуйн жилийн гол баяр бол усан үзмийн ургац хураалтын баяр болох "ртвели" юм. Ёслолын удирдагчийг "тамада" гэж нэрлэдэг. Дарс хадгалах, уух олон тусгай сав байдаг. Уламжлал ёсоор Кавказын дарсыг хундага биш, харин үхрийн эвэр (ханци)-ээр хийдэг байжээ. Бусад олон орноос ялгаатай нь Гүржид цагаан дарсыг эрэгтэй хүний ​​ундаа, улаан дарсыг эмэгтэйчүүдийн ундаа гэж үздэг. Уламжлалт Гүржийн технологиор үйлдвэрлэсэн цагаан дарс нь хув эсвэл улбар шар өнгөтэй, таннин ихтэй байдаг. Удаан хугацаанд (10-аас дээш жил) бараг хадгалдаггүй байна.

Дэлхийн хамгийн эртний дарс үйлдвэрлэлийн нотолгоо болох шавар савнууд дор хаяж 8000 жилийн өмнөх үеийнх юм (шавар савнууд дээр дарсны ул мөр багтсан) Гүржид олджээ. Хүрэл зэвсгийн үеийн оршуулгын газарт хийсэн археологийн малтлагын үеэр усан үзмийн үрийн үлдэгдэл, дарс үйлдвэрлэх тоног төхөөрөмж - чулуун шахуурга, усан үзмийн шахуурга, шавар болон металлаар хийсэн янз бүрийн дарсны савнууд бүхий домбо хэлбэртэй сав олджээ.

Вани хотод археологчид дарсны сав гартаа барьсан хүний ​​хүрэл баримал (МЭӨ 7-р зуун) олдсон бөгөөд энэ нь "найрын дарга" буюу "тамада"-г дүрсэлсэн байх магадлалтай. "Эртний тамада" хөшөөний том хэмжээтэй хуулбарыг хожим нь Тбилиси хотын нэгэн гудамжинд суурилуулсан байна.

19-р зуун хүртэл Гүрж дарс хуучин уламжлалт технологиор дарс үйлдвэрлэдэг байсан. 1830 онд хунтайж Александр Чавчавадзе дарсыг Европын онуудад түгээмэл байсан шиг дарсыг торхонд хийж эсгэж эхэлсэн юм. 1870-аад онд Рача мужийн Кипиани ханхүү нар байгалийн гаралтай хагас чихэрлэг Кипиани дарсны үйлдвэрлэлийг эхлүүлсэн бөгөөд үүнийг хожим нь "Хванчкара" гэж нэрлэжээ.

1889 онд Иван Багратион-Мухранский Парист болсон Дэлхийн үзэсгэлэнд дарсаа танилцуулж, алтан медаль, Хөдөө аж ахуйн гавьяаны одонгоор шагнасан. Гүржийн анхны Цинандали, Телиани, Напареули, Мукузани, Мухрани, Дампало зэрэг хуурай дарсны брэндүүд гарч ирсэн юм.