Давид Кипиани
Давид Давидович Кипиани (гүрж. დავით დავითის ძე ყიფიანი; 1951 оны 11 дүгээр сарын 18-нд ЗХУ-ын ЗСБНГүрж Улсын Тбилиси хотод төрж, 2001 оны 9 дүгээр сарын 17-нд БНГүрж Улсын Тбилиси хотод нас барсан) Зөвлөлтийн, сүүлд Гүржийн хөлбөмбөгчин, дасгалжуулагч. Тбилиси хотын «Динамо» болон ЗХУ-ын шигшээ багийн тоглогч. Гүрж улсын Хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч. ЗХУ-ын олон улсын хэмжээний спортын мастер (1976). ЗХУ-ын 1977 оны шилдэг тоглогч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Давид хүү эмч нарын гэр бүлд төрж өссөн. Үндсэндээ Давидыг эмэг эх нь хүмүүжүүлж түүнд утга зохиол, урлагт хайртай болгосон. Гэхдээ тэр үед хөлбөмбөг нь түүний бага насны гол сонирхол болсон байна. Тбилиси хотын 35 дугаар хөлбөмбөгийн тусгай сургуулийн сурагч байсан түүний анхны дасгалжуулагч П.Челидзе байжээ. 1968 онд Гүржийн залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд тэрбээр Сочи хотод болсон "Итгэл найдварын Цом"-ын ялагч болсны дараа Тбилисийн "Динамо" багт орсон байна.
Үүний зэрэгцээ Кипиани Тбилисийн Политехникийн дээд сургуулийн химийн факультетэд элсэн ороод удалгүй химич мэргэжлийг огт сонирхдоггүйгээ мэдээд Тбилисийн Улсын Их сургуулийн Хууль зүйн факультетэд шилжиж сураад төгссөн байна. 1968-1970 онд Локомотив (Тбилиси) багт тоглож байсан.
1971 онд Динамо Тбилисийн төлөө анхны тоглолтоо хийсэн. Удалгүй тэрбээр ЗСБНХУ-ын шигшээ багт орж тоглосон боловч өвдөгний бэртэлээс болж өөрийнхөө авьяаяыг бүрэн харуулж чадаагүй байна. Хожим нь ЗХУ-ын шигшээ багийн дасгалжулагч Лобановский, Бесков нарын тактикийн схемд төдийлөн тохирохгүй байсан тул ЗХУ-ын шигшээ багт тэр бүр уригдаж байгаагүй. Тэрбээр шигшээ багт нийтдээ 19 тоглолт хийж, 7 гоол, мөн олимпын шигшээ багийн төлөө 2 тоглолт хийж 2 гоол оруулсан. Тэрбээр Тбилисийн Динамо багийн төлөө Премьер лигт нийт 246 тоглолт хийж, 79 гоол оруулсан байна. Кипиани 1982 онд хөлбөмбөгөө орхиж зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан ажээ.
1983 оны сүүлчээр Нодар Ахалкацигийн оронд Тбилисийн «Динамо» багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдоод 1986 онд эхнэрээсээ салсны улмаас "гэр бүлийн тогтворгүй" гэсэн томьёоллоор ажлаасаа халагдсан.
1986-1988 онд тэрбээр хуульч мэргэжлийнхээ дагуу ЗХУ-ын Ерөнхий Прокурорын газар ажилласан байна.
1988 онд Прокурорын ажлаасаа гарч Тбилисийн Динамо багийн ахлах дасгалжуулагчаар дахин томилогдов. Түүний удирдлага дор баг нь холбооны аварга шалгаруулах тэмцээнээс хасагдсан (түүний эсэргүүцлийг үл харгалзан) Гүржийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд тэнд олигтой өрсөлдөгч баг байгаагүй байна. Тэрбээр автомашины осолд орж гэмтэл аваад ахлах дасгалжуулагчийн суудлаа орхисон ажээ. Найман сар Динамо багийнхаа менежерээр ажилласан юм.
1992 оны эхээр "Динамо" баг Кипрт бэлтгэл сургуулилтаа хийж байх үеэр "Олимпиакос"-ын удирдлагуудаас энэ клубт дасгалжуулагчаар ирэх урилгыг хүлээн авчээ. Тэрбээр урилгыг хүлээн авч, 1991/92 оны улирлын төгсгөлд клубээ дээд лигт үлдэхэд тусалсан. Дараагийн улиралд тэрбээр Динамогийн хуучин тоглогчид болох Чедиа, Качарава нарыг клубтээ урьж авсан. Тэдэнтэй хамт тус клуб Киприйн цомын хагас шигшээд шалгарч, аварга шалгаруулах тэмцээнд 14-өөс 11-р байр эзэлжээ. Дараа нь Киприйн түншүүдийн тусламжтайгаар Кипрт орос ресторан нээж ажиллуулсан боловч хэсэг хугацааны дараа тус ресторан дампуурсан байна.
1995 онд тэрбээр Гүрж руу буцаж ирээд дахин Динамо Тбилисийн ахлах дасгалжуулагч болжээ. 1997 онд түүнийг Гүржийн шигшээ багийн дасгалжуулагчийн албан тушаалд урьсан бөгөөд жилийн дараа Оросын Ярославлийн "Шинник"-д ажилласан байна.
1999-2001 онд Кутаиси хотын «Торпедо», 2000-2001 онд Гүржийн шигшээ багийг тэргүүлсэн.
2001 оны 9 дүгээр сарын 17-нд Кобулети хотоос Кипиани «Мерседес-Бенц» ML 320 маркийн машинтай их хурдтай явж байгаад осолд ороод эмнэлэгт хүргэх замдаа нас баржээ.
Түүнийг Сабурталины оршуулгын газар нутаглуулжээ.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Кипиани хоёр удаа гэрлэж байсан бөгөөд тус бүртэй нь 14 жил хамт амьдарсан байна. Леван, Николай, Георгий (1989 онд төрсөн) хэмээх гурван хүүтэй. Том хүү Левон Кипиани нь мэргэжлийн хөлбөмбөгчин, хожим нь сэтгүүлч, "Атиани" сэтгүүлийг үндэслэгч байсан. Левон Кипиани 2011 оны сүүлээс 2014 он хүртэл Гүрж Улсын Спорт, залуучуудын сайдаар ажилласан.
- Гүржийн хөлбөмбөгчин
- Гүржийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч
- ЗХУ-ын шигшээ багийн хөлбөмбөгчин
- ЗХУ-ын хөлбөмбөгийн дасгалжуулагч
- Динамо Тбилиси багийн тоглогч
- Локомотив Тбилиси багийн тоглогч
- Динамо Тбилиси багийн хөлбөмбөгийн дасгалжуулагч
- Олимпиакос Никоси хөлбөмбөгийн дасгалжуулагч
- Оросын хөлбөмбөгийн дасгалжуулагч
- ЗХУ-ын хөлбөмбөгийн улсын аварга
- ЗХУ-ын оны шилдэг хөлбөмбөгчин
- ЗХУ-ын олимпын оролцогч
- 1976 оны зуны олимпод оролцогч
- Хөлбөмбөгийн Европын Цомын Аварга
- Зөвлөлтийн иргэн
- Тбилисийн хүн
- Гүржүүд
- 1951 онд төрсөн
- 2001 онд өнгөрсөн