Далан Балжудын арван гурван хүрээний байлдаан
Далан Балжудын арван гурван хүрээний байлдаан бол 1192/1194[1] онд Тэмүжин, Жамуха нарын дунд болсон томоохон байлдаан, мөн Чингис хааны ялагдсан анхны байлдаан юм.
Өрнөл
[засварлах | кодоор засварлах]1189 онд Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт Хотула ханы хөвүүн Алтан отчигин, Нэгүн тайшийн хөвүүн Хучар бэхи, жүрхин аймгийн Сача бэхи, Бартан баатрын хөвүүн Даридай отчигин нар 28 настай Тэмүжиний өмнө тангараглан Хамаг Монголын ханд өргөмжлөв. Энэ хуралдайд зөвхөн Хабул ханы удам хиад аймгаар төвлөрсөн 13 аймаг хүрээнийхэн оролцож, Тэмүүжинийг ханд өргөмжилсөн. Харин Бодончорын удмын бусад салаа, Тайчиудын Амбагай ханы удмын язгууртнууд, Жадараны Жамуха болон Добу мэргэн, Дува сохорын үр удмын Хатагин, Салжиуд, Дөрвөн овгийн ихэс дээдэс дургүйцэж, Жамухаар төвлөрч, нэгэн бүлэглэлийг үүсгэжээ.
Алтан, Хучар нар Тэмүүжинийг хан өргөмжилсөн ноёдод дургүйцэж, үг хаяжээ. Судрын чуулганы мэдээгээр Жамуха бол Тумбинай сэцний 7-р хүү Удур баяны удам, Монголын Нууц Товчооны мэдээгээр Бодончарын хөвүүн Жажирдайн удам бөгөөд Жадаран овгийн эзэн.
Үйл явдал
[засварлах | кодоор засварлах]Энэ явдлаас хойш Жамухын дүү Тайчар тэргүүтэй хэсэг хүмүүс Тэмүжиний адууг хулгайлж байгаад, адуучин жалайрын Жочи Дармалад нуруугаа хугалуулж алуулснаар, Жамуха дүүгээ алагдсанд өс санаж дараах 13 хүрээг цэгцлэн 3 түмэн цэргээр Алагугууд, Турхагуудаар давж Тэмүжинг довтолжээ.
№ | Жамухын 13 хүрээ | Тэмүүжиний 13 хүрээ |
---|---|---|
1 | Жамуха тэргүүтэй Жадаран | Өүлэн эхийн хүрээ |
2 | Таргудай Хирилтуг тэргүүтэй Тайчууд | Чингис хааны хүрээ |
3 | Ихирэс | Бүлтэчү баатар, Мухар Хуран, Чахуран нарын хэрэйд, хадархин, горлосоос бүрдсэн хүрээ[2] |
4 | Ноёхон | Сорхадагийн үр Дэрэн ба Хоридай нар захирсан нирун, хиад, будаад нарын хүрээ[2] |
5 | Барулас | Жалайрын хүрээ[2] |
6 | Баарин | Сача бэхи тэргүүтэй хиад жүрхиний хүрээ |
7 | Дөрвөн | Хутагт Мүнгүрийн хөвгүүн Мөнх хучар, Хулан баатрын хөвүүн Их Чэрэн нарын захирсан хиадын хүрээ[2] |
8 | Хонгирад | Мэнгэтү Хианы хөвүүн Чаншиутын хиад, Үнгүр тэргүүтэй баяуд |
9 | Хатагин | Даридай отчигон, Хучар нарын захирсан доголад, нэгүс-хүргэн, сахайт, үнжин нараас бүрдсэн хүрээ[2] |
10 | Салжиуд | Хотула ханы ахмад хүү Зүчи ханы хүрээ |
11 | Горлос | Хотула ханы отгон хүү Алтан |
12 | Урудын Жүрчидэй | Гэнигэсийн Тахи баатрын сүгэн, гэнигэс нарын хүрээ[2] |
13 | Мангудын Хуйлдар | Гэндү чоно, Өлөгчин чоно нарын удам Чоносын Цагаан гуа |
Жамухын цэргийн дотор явсан Ихирэсийн Буту хүргэний өөрийн Мүлхэ Тутаг, Боролдай гэсэн хоёр хүнээр Тэмүжинийг Хүрэлхүд нутаглаж байхад хэл дуулгав. Ингээд Тэмүжин өөрийн мэдлийн 13 хүрээнээс цэрэг татан, 3 түмт болгож мордоод Далан Балжуд гэх газар ирсэн.
Онон Балжийн Далан Балжудад Жамухын цэрэг Тэмүжиний 13 хүрээний цэрэгтэй тулалдахад Тэмүүжиний цэрэг Жамухад ялагдан ухарч, Жэрэнэ хавцалд шурган оржээ. Жамуха тэргүүтэй их цэрэг Чоносын хүрээний ноён Цагаан гоогийн толгойг цавчин, морины сүүлд уяж, далан цэргийг нь тогоонд чанаж харгислал үйлдээд, нутгийн зүг буцсан.
Үр дүн
[засварлах | кодоор засварлах]Тэмүүжиний тал Далан Балжудад ялагдаж Жэрэнэ хавцалд хоргодосны дараа Жамухын талд байлдаж явсан Уруд, Мангуд хоёр хүрээ дагаар ирснээр байлдаанд ялагдсан ч, эцсийн дүндээ ялалт байгуулж чадсан. Учир нь энэ хоёр аймаг бол Чингис хааныг 1206 онд Их Монгол Улсаа байгуулах хүртлэх бүх дайнд манлайд байлдан, дайны ялалтыг авч ирэх хүч болсон юмаа.