Дали улс
Дали улс (хятад. 大理, пиньинь Dàlǐ, англи. Dali Kingdom) — Орчин үеийн БНХАУ-ын Юньнань мужийн нутагт дундад зуунд оршин тогтнож байсан Вант улс. Дали Вант улс нь 937 онд байгуулагдаж 1253 онд монголчуудад эзлэгдсэн боловч түүний хуучин эрх баригч ордны угсаа залгамжлагч нар Юань гүрний ивээл дор тус нутгийг захирч байсан бөгөөд Мин Нань улсыг байлдан дагуулах хүртэл оршин тогнож байжээ. Нийслэл хот нь Дали байсан.

1252 онд Их хаан Мөнх өмнөд Сүн улстай дайн хийхээр бэлтгэж, дүү Хубилайг Дали улсыг эзлэн авахыг тушааж, улмаар газар нутгийг нь ашиглан Сүн рүү баруун зүгээс довтлохоор болжээ. Хубилай хэдийнэ 36 настай байсан ч энэ нь түүний цэргийн жанжин гэдгээ батлах анхны боломж байсан тул аян дайнд маш их бэлдэж, 1253 оны намар л аянд гарчээ.
Хубилай Линтаод цэргээ цуглуулсны дараа Дали руу гурван элч нарыг илгээж, Далигийн захирагчаас монголчуудад дагаар орохыг шаардсан байна. Тус мужийг удирдаж байсан Ерөнхий сайд Гао Тайшян гурван элчин сайдыг бүгдийг нь цаазлахыг тушаажээ.
Монголчууд 1253 оны 10-р сарын сүүлээр довтолгоогоо гурван өөр зүгээс эхлүүлж эзлэн авчээ.
Тус улсын нийслэл Дали хотыг монголчууд эзлэн авсан түүхийг эх сурвалжид бүрхэг дүрсэлсэн байдаг. Тодорхой байгаа зүйл бол Хубилайн цэргүүд хотод нэг их эсэргүүцэл үзэлгүй орсон байна. Гао Тайсян шөнөдөө зугтахыг завдсан боловч баригдан цаазлуулж, улмаар Монголын элчин сайд нарыг хөнөөхөд оролцсон хүмүүсийг мөн цаазалсан байна. Хубилай Дали улсын угсаа залгамжлагч эрх баригч нарыг устгалгүй тэдний дэргэд өөрийн төлөөлөгчийг тавьжээ.