Дамбийнямын Жанчив
Орчин цагийн Монголын хөгжмийн урлаг соёлд өөрийн гэсэн онцгой үүргийг гүйцэтгэсэн хөгжмийн зохиолч, дуурь-симфонийн удирдаач, нэрт сурган хүмүүжүүлэгч, хөгжмийн онолч Дамбийнямын Жанчив 1940 оны 1-р сарын 1-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ.
1949-1957 онд бага, дунд сургууль, 1957-1962 онд Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийн дэргэдэх Хөгжмийн дунд сургуулийн найрал дууны удирдаачийн анги, 1966-1971 онд ЗХУ-ын Ленинград хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн их сургуулийн дуурь-симфонийн удирдаачийн ангид амжилттай суралцан төгсжээ (мэргэжлийн багш нь Б.Я.Тилес, хөгжмийн зохиомж, зэмсэгжүүлэлтийн багш нь Б.А.Арапов).
Д.Жанчив 1962-1966 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуульд дуу, хөгжмийн багш, салбарын эрхлэгч, 1971-1983 онд БНМАУ-ын Соёлын яаманд уран бүтээлийн хэлтсийн эрхлэгч, 1983 оны 1-р сараас 11-р сар хүртэл ЗХУ дахь ЭСЯаманд соёлын зөвлөх, дараа нь Төв аймгийн ХДТеатрын дарга, улмаар Улаанбаатар хотын ХБВСургуульд хөгжмийн онолын багш, Монголын урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байжээ.
Тэрээр 1965 онд МАХН-д элссэн бол 1964 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоонд элсэж улмаар 1977-1983, 1987 онуудад тус холбооны нарийн бичгийн заргын албыг хашсан байна.
Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуульд дуу хөгжмийн багшийн мэргэжлийн ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, сургалтын чанарыг шинэ түвшинд гаргасан Д.Жанчивын хөдөлмөр зүтгэлийн үр дүнгийн нэгээхэн хэсэг нь Монголын хөгжмийн нэрт зохиолчид Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Төрийн шагналт Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж, З.Батсүх зэрэг болон нэрт найруулагч Ё.Цэрэндолгор гээд урлаг соёлын цөөнгүй тооны зүтгэлтнүүдийг нэрлэж болох юм.
Д.Жанчив багшийн бүтээсэн "Дуурьсахуй ухаан" хоёр боть ном, "Хөгжмийн онолын сурах бичиг", "Олон хоолойн ухаан" хоёр дэвтэр бичсэн нь мэргэжлийн хөгжмийн сургалтад чухал ач холбогдолтой эх хэрэглэгдэхүүн болсоор байна.
Хөгжмийн зохиолч Д.Жанчив нь "Хөх торгон дээл" дуурь, "Тамирын охин", "Мартагдашгүй намар", "Зуслангийн найзууд", "Тэнгэрийн муухай арилдаг", “Газрын үнэр", “Говийн зэрэглээ" зэрэг уран сайхны киноны болон дан хөгжмийн олон тооны зохиол бүтээлийг туурвижээ.
Түүнийг 1995 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналаар, 1994 (09.10. №117) онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан байна.