Jump to content

Дамдинсүрэнгийн Нацагдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дамдинсүрэнгийн Нацагдорж (1957 онд төрсөн) нь Монгол Улсын хүний гавьяат эмч, билгүүн номч, Манба дацангийн хамба лам, зөвлөх оточ юм.

Хамба лам Д.Нацагдорж нь 1957 оны тахиа жилийн хавар Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутагт төрсөн.

Эцэг эхээсээ 14"үүлээ өсөж торнисон. Аав нь тэр үеийн мэргэдээр, шинээр мэндэлсэн хүүгийнхээ хувь төөргийг үзүүлсэнд: "Олонд тустай сайн хүн болно" гэж буусан гэдэг. Нутгийн олон түмэн Нарванчин гэгээнтний хойд дүр гэж ярьдаг.

1974 онд уйгаржин монгол бичгийг бие даан сурсандаа түшиглэн Дорж гуайн “Төвөд” хэл сурах бичгийн нэгдүгээр дэвтрийг олж сонирхон судалж эхэлжээ. Тэр үед техникумд хамт сурч байсан найз нөхдөдөө "лам" хэмээн хочлуулж, хуучин цагийн ном бичиг дэмий үзэж цагаа барлаа гэж зэмлүүлэх үе ч байсан гэдэг. Техникумаа төгсөөд Усны аж ахуйн яамны хуваариар Борнуурын услалтын системд гидротехникчээр томилогдов. Дараа нь Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны 160 га–гийн услалтын системийн дулааны шугамыг тавьж, техникч инженерийн ажлыг хавсарч бригад удирдан ажиллаж байжээ. 1980 онд Шашны их сургуульд тэнцэж буян номын замаар эргэлт буцалтгүй орсон доо гэж ярьсан байдаг.[1][permanent dead link]

1989-1990 онуудад Энэтхэг улсын Дарамсала дахь Төвөдийн эмнэлэг зурхайн хүрээлэнд суралцаж байгаад 1990 онд эх орондоо ирж Гандантэгчэнлин хийдийн удирдлагад “Манба дацан”-г байгуулж уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар өөрийн төлөвлөсөн бодол саналаа айлтгахад бүгдээр сайшаан хүлээн авчээ. Гэвч ажлыг эхлэхэд санхүүгийн эх үүсвэр нэлээд хүндрэлтэй байсан тул өөрөө бие даан банкнаас зээл авах, танил талаасаа хандив цуглуулах зэргээр зүтгэсний хүчээр барьж босгожээ. "Тэр үеийн нийгмийн байдал хүмүүсийн сэтгэл зүй, эрх мэдэлтнүүдийн хүнд суртал гээд ажил эхлүүлэхэд маш хүнд бэрхшээлүүд тулгарч байлаа" гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.[2][permanent dead link]

Тэрээр өөрийн байгуулсан Манба дацангаа 1760 онд Их Хүрээнд байгуулагдаад 1938 онд устгагдсан “Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба дацан” хийдийг уламжлан шинээр барьж байгуулсан гэж үздэг. Түүний байгуулсан Манба дацан нь “Оточ манрамба” анагаах ухааны дээд сургууль, “Манба дацан эмнэлэг”, "Манба дацан" эмийн үйлдвэр, ”Шинжээч оточ“ лаборатори, Эмчилгээ сургалтын цогцолбор, Хэвлэл мэдээллийн алба, ”Манал бурханы хүүхдүүд” нийгэмлэг зэрэг салбаруудтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

2005 онд Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди Монголын уламжлалт анагаах ухааныг эмчилгээ, сургалт, судалгаа, шинжилгээ, эм үйлдвэрлэлийн чиглэлээр сэргээн хөгжүүлж, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн төлөвшүүлж, ард олныг эмчлэн эдгэрүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор шагнасан.

Гаднын холбооснууд

[засварлах | кодоор засварлах]

Улаанбаатар Таймс Сонинд өгсөн ярилцлага][permanent dead link]