Дархадын хотгор
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Дархадын хотгор | ||
---|---|---|
Дархадын хотгор алсаас | ||
Нутгийн байрлал | Хөвсгөл аймаг, Монгол Улс | |
Ус зүй | Доод цагаан нуур, Шишгэд гол | |
Нуруу | Улаан тайга, Хорьдол Сарьдагийн нуруу | |
Газар зүйн байрлал | 51° 16′ У, 99° 30′ З | |
| ||
Өндөр | 1530 - 1600 м | |
Урт | 160 км | |
Өргөн | 40 км | |
Талбай | 4270 км² | |
Онцлог | Монголын цаатны нутаг |
Дархадын хотгор нь Монгол Улсын Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт орших томоохон хөндий юм. Улаан тайга болон Хорьдол сарьдагийн хооронд, далайн түвшнээс дээш дунджаар 1600 м өргөгдсөн, 160 км орчим урт, 40 км орчим өргөнтэй тус хөндий нь 4270 км² талбайг эзлэн оршино. Дархадын хотгор нь олон нуур, голтой бөгөөд хамгийн том нь Доод цагаан нуур болон Шишгэд гол юм. Засаг захиргааны хувьд Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумдын нутагт харьяалагддаг.
Байгаль экологийн өвөрмөц сонин зүй тогтол бүхий энэ бүс нутагт Монголын төдийгүй дэлхийд ховордсон ургамал амьтны баялаг нөөц бий. Дархадын хотгорын “Ээр хаш” хэмээх газарт Монголын хамгийн өндөр шинэс мод ургадаг. Доод Цагааннуур болон Тарган нууранд нь дархадын цагаан загасны нөөц хамгийн ихээр байдаг. Судлаачид үүнийг Дархадын цагаан загасны хамгийн сүүлчийн том нөөц гэж үздэг. Дархадын хотгорт Хөвсгөлийн их тайгын 70% нь оршдог бөгөөд Монголын хамгийн том хөхтөн хандгай, цаа бугын өлгий нутаг билээ. Америкийн эрдэмтэд Дархадын хотгорыг судалж үзээд “дэлхийн байгаль экологийн өв сан”-д бүртгэх нь зүйтэй хэмээн санал оруулжээ. Цаа бугын тэжээл болох цагаан хөвд нь зөвхөн Дархадын хотгорт ургадгаараа онцлог. Цаатан ард түмэн нь 2 хуваагдан Хөвсгөлийн баруун, зүүн тайгад амьдардаг бөгөөд уугуул цаатнуудын 60% нь зүүн тайга буюу Дархадын хотгорт амьдардаг ажээ. Сүүлийн үед цаа бугын идэш тэжээл ховордож, цус ойртож байгаагийн улмаас цаатан иргэдийн аж амьдралд хүндээр тусаж байгаа билээ. Үндэсний цөөнх болсон энэ ард түмэнд дэлхийн хүмүүнлэгийн байгууллагууд анхаарал хандуулж эхлээд байгаа юм.