Jump to content

Дарханы төмөрлөгийн үйлдвэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Компанийн ерөнхий мэдээлэл

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь хаягдал төмрийг дахин хайлуулж, ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэгдэн байгуулагдсан Монгол Улсын металлургийн салбарын анхдагч болоод хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Тус компани нь 34 нэгжийн, нийт 1465 ажилчинтай, орон нутгийн хамгийн том ажил олгогч компанид тооцогддог. Олон улсын болон үндэсний ISO/IEC 17025:2005 (MNS ISO/IEC 170205:2007) стандартын шаардлага хангасан, уул уурхай, металлургийн төрөлжсөн өөрийн гэсэн итгэмжлэгдсэн лаборатортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК
Аж үйлдвэрийн салбарУул уурхай, хүнд аж үйлдвэр 
Байгуулагдсан1993 он; 33 жилийн өмнө (1993)
Төв байр,
Удирдах хүмүүс
Б.Чагнаадорж
(Гүйцэтгэх захирал)
Үйлдвэрлэлийн хэмжээ
Төмөрийн хүдрийн баяжмал, иржгэр ган туйван, гөлгөр ган туйван
Ажилчдын тоо
+1465
Вэб сайтwww.dmp.mn

Түүхэн хөгжил 

[засварлах | кодоор засварлах]

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” нь металлыг даралтаар боловсруулах, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэн үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын металлургийн салбарын анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 04-р сарын 14 өдрийн 160 дугаар тогтоолоор, Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан хотод байгуулагдсан юм.

2009-2010 онд Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ил уурхай байгуулан, төмрийн хүдрийг хуурай орчинд боловсруулан баяжмал үйлдвэрлэж эхэлснээр төмөрлөгийн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Мөн 2010 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК нь эх орны төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангах зорилго бүхий “Уул уурхай, металлургийн цогцолбор” үйлдвэр болон хөгжих өөрийн концепци төлөвлөгөө боловсруулан 2011 онд Монгол Улсын стратегийн орд болох Төмөртэйн төмрийн хүдрийн ордын зүүн хэсгийн баруун биетэд ил уурхайг байгуулжээ.

1990 Төмөрлөгийн үйлдвэрийн шавийг тавьсан.

1993 Анхны ган хайлалт хийгдсэн (1993.10 сар)

1994 Үйлдвэр бүрэн ашиглалтад оров

2008 Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уулын төмрийн хүдрийн орд газрын лицензийг эргүүлэн авав

2010 Төмөртолгой уурхайд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг байгуулав

2011 Төмөртэйн төмрийн хүдрийн ордын Зүүний баруун биет дээр ил уурхай байгуулав

2014 Төмөртэйн уурхайд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг байгуулав. Төмөртэйн ордын Зүүний зүүн биет дээр ил уурхай байгуулагдав

2015 Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хүртэл 36.1 км төмөр зам тавьж ачих буулгах терминаль, өртөө байгуулав

2016 Төмөртолгойн уурхайд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг байгуулав

2017 Ган бөмбөлгийн давтах аргын үйлдвэр ашиглалтанд оров

2018 Ган үйлдвэрлэх хэсэгт шанаган зуух суурилуулав

2022 “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэх үйл явцад хяналт хийснээр концессын гэрээг цуцалж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг төр мэдэлдээ авч ХХК хэлбэрээр үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээр болов.

Уулын үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангаж, ордын нөөцийг үр ашигтай, бүтээмжтэй олборлон боловсруулалтын үйл ажиллагааг эдийн засгийн үр өгөөжтэй байгаль орчинд ээлтэй явуулж, хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэн зохион байгуулж ажиллахын тулд дараах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Хайгуулын ажлыг олон улсын жишгийн дагуу оновчтой хийх
  • Төмөртэйн уурхайн орчимд гидрогеологи, геотехникийн цогц судалгааны ажлыг мэргэжлийн түвшинд хийлгэх
  • Эдийн засгийн хувьд үр ашигтай үйлдвэрлэл явуулах
  • Боловсон хүчний цогц бодлого хэрэгжүүлэх

ТӨМӨРТОЛГОЙН УУРХАЙ

[засварлах | кодоор засварлах]

Төмөртолгойн уурхай нь дэд бүтэц хөгжсөн газар байрладаг. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрээс тус уурхай хүртэл 28 км сайжруулсан замаар холбогдсон. Манай улсын хойд хил хүртэл тавигдсан хатуу хучилттай зам нь ордоос баруун зүгт 17км зайтай өнгөрдөг байна. Түүнчлэн Улаанбаатар-Сүхбаатарын төмөр зам ордоос баруун тийш 20км, Дархан хотоос Шарын голын нүүрсний уурхай руу явсан төмөр замын салаа зам ордоос хойш 8км зайд тус тус өнгөрдөг. Төмөртолгойн хүдрийн уурхай нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутагт оршдог. 7 хүдрийн биетээс тогтоно.

Тусгай зөвшөөрлийн дугаар MV-010738, лицензийн талбайн хэмжээ 424га. Геологи хайгуулын 332-р анги нь Металлургийн үйлдвэрийг түүхий эдээр хангах, эрдэс баялгийг нээн илрүүлэх зорилготой ажилласан бөгөөд энэ ажлын хүрээнд 1960 оны 4-р сараас 1962 оны 6-р сарын хооронд Төмөртолгойн ордыг нээн илрүүлж эрдэнэсийн санд бүртгүүлсэн. Төмөртолгойн уурхайг 2009 оны 08-р сарын 17-ны өдөр нээж ил уурхайн олборлолтын ажлыг эхлүүлсэн.

Төмөртолгойн уурхай нь ил уурхай, хуурай соронзон баяжуулах үйлдвэр, засварын төв зэрэг нэгж хэсгүүдээс бүрдэх бөгөөд жилд 2 сая.тн төмрийн хүдэр олборлож, 2 сая.тн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Бид орчин үеийн өндөр, хүчин чадлын техник, тоног төхөөрөмжүүдийг ашиглан 460-иад хүний бүрэлдэхүүнтэйгээр 20/10 ээлжийн хуваарьтай ажиллаж байна.

Төмөртолгойн уурхайн баяжуулах үйлдвэр №1 нь Герман болон БНХАУ-ын хамтарсан SANME фирмийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, цагт 500 тн хүдэр, жилд 2.0 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм. Баяжуулах үйлдвэр нь хүдрийг 3 шатлалын бутлалтаар буталж 0-(10) мм; +10-(40) мм гэсэн ширхэглэлээр ангилж, 2 шатны соронзон ангилагчаар ялган баяжуулж байна.

ТӨМӨРТЭЙН УУРХАЙ

[засварлах | кодоор засварлах]

Төмөртэйн төмрийн орд нь төмөр болон авто замаар Улаанбаатар хоттой Дархан хотыг дайрсан замуудаар холбогдоно. Дархан, Улаанбаатар хотууд нь хоорондоо 230 км зайтай төмөр болон засмал замаар холбогддог. Дархан-Уул аймаг хүртэл 130 км зайтай. Улаанбаатар-Сүхбаатарын засмал зам нь ордоос 80-85 км зайд өнгөрнө. Төмөртэйн уурхай нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагааны 2-р багийн нутагт оршдог. Тусгай зөвшөөрлийн дугаар MV-013319, лицензийн талбайн хэмжээ 1200 га.

Төмөртэйн төмрийн ордын хүдрийн биетийг зүүн хэсэг, баруун хэсэг гэсэн хэсгүүдэд хуваасан ба  хүдрийн биетүүд нь нэг хүдрийн бүсэд хамаарагдах ба өөр хоорондоо 2.0-2.5км зайтай оршино.

Ордын районы геологийн судалгааг Ю.П.Ершов (1962), Б.Жамба (1968-69) нарын геологийн зураглалын ажлаар тодорхойлогдон улмаар 1969 онд гүйцэтгэсэн агаарын соронзон зураглал, эрэл-шалгалтын ажлаар үнэлэгдэн, 1979-1984 онуудад ерөнхий эрэл, эрэл-үнэлгээ, урьдчилсан хайгуулын ажлуудаар нарийвчлагдан судлагдаж 1990-92 онд нарийвчилсан хайгуулын ажлаар баталгаажуулагдан тогтоогдсон.  Төмөртэйн уурхайг 2010 оны 9-р сарын 23-ны өдөр  нээж ил уурхайн олборлолтын ажлыг эхлүүлсэн.

Төмөртэйн уурхай нь ил уурхай, хуурай соронзон баяжуулах үйлдвэр, засварын төв, ажилчдын тосгон, дэд станц зэрэг нэгж хэсгүүдээс бүрдэх бөгөөд жилд 2 сая.тн төмрийн хүдэр олборлож, 2 сая.тн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Бид орчин үеийн өндөр, хүчин чадлын техник, тоног төхөөрөмжүүдийг ашиглан 490-иад хүний бүрэлдэхүүнтэйгээр 14/14 ээлжийн хуваарьтай ажиллаж байна.

  • Төмөртэй уурхай нь 2014 оны 07 сарын 01-нээс төмрийн хүдэр хуурай соронзон аргаар баяжуулж эхэлсэн.
  • Уг үйлдвэр нь АНУ-ын TRIO брэндийн 750 тн/цагийн хүчин чадалтай.

ХУСТ-УУЛЫН УУРХАЙ

[засварлах | кодоор засварлах]

Хуст-Уулын төмрийн хүдрийн уурхай нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах ба Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн урагш 25 км-т, Улаанбаатар хотоос хойд зүгт 330 км-т, Дархан хотоос зүүн хойд зүгт 110 км-т оршино. Дулаанхаан, Хуст-Уулын төмрийн хүдрийн орд нь сайжруулсан авто замаар холбогдоно.

Төмөр зам нь Хуст-Уулын уурхайгаас хойд зүгт 10 км-ийн зайтай, урд зүгт 3 км орчим зайд Бугантын тосгон хүрэх сайжруулсан шороон зам өнгөрөх ба Баянголын уурхай, Бугант тосгон хүртэл тавьсан өндөр хүчдлийн шугам өнгөрдөг. Тусгай зөвшөөрлийн дугаар MV-013815, лицензийн талбайн хэмжээ 39га.

1979-1980 онуудад Баянголын бүсэд (Ж.Цэнд-Аюуш) ерөнхий эрлийн ажил явуулах үеэр Хуст уулын төмрийн илэрцэд анх удаагаа геологийн судалгааны ажлыг хийж, 1989-1991 онуудад Төмөртэйн нарийвчилсан хайгуулын ажлыг явуулах үедээ (Н.Хүдэрбат) Хуст-Уулын төмрийн хүдрийн илэрцэд эрэл-үнэлгээний ажил явуулж, Хуст уулын төмрийн илэрцийг орд болгон тогтоосон.

Хуст-Уулын төмрийн хүдрийн ордод 2010 онд нарийвчилсан геологи хайгуулын ажлыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Тус ордод 2011 онд Уул Уурхайн Төсөл Судалгааны төв ТЭЗҮ-гээр 1 сая/тн хүдэр олборлох тусгасан ч одоогоор төсөл хэрэгжээгүй байна.

Өнгөрсөнд болсон томоохон үйл явдлын тойм

[засварлах | кодоор засварлах]

Өнгөрсөн 2024 онд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 34,9 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс 25,9 мянган тонныг борлуулан 85,1 тэрбум  төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Харин уул уурхайн үйлдвэрлэлээр 2,1 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэснээс экспортод 1,1 сая тонныг нийлүүлэн 207,1 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, нийтдээ 292,2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2024 онд улсын төсөвт 54,7 тэрбум төгрөг, үүнээс Дархан-Уул аймгийн төсөвт 31,5 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн санд 13,6 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлж Эрдэнэс Монгол нэгдлээс батлан хэрэгжүүлсэн зорилтот түвшний биелэлтээ бүрэн хангаснаас гадна өнгөрсөн онтой харьцуулахад цэвэр ашгийн үзүүлэлт даруй 24 хувиар өсчээ.

Төмөртэйн төмрийн хүдрийн ордын Зүүн хэсэгт 2023 онд ЖОРК (JORC) стандартад нийцсэн хайгуулын ажил хийгдэж, баталгаат нөөц (В) 60.24 сая тонн, боломжит нөөц (С) 87.55 сая тонн болох нь тогтоогдлоо. 2024 оны 12-р сарын 27-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар тайланг нэмэлт засваргүйгээр баталсан. Энэхүү нөөц нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн түүхий эдийн найдвартай эх үүсвэр болохыг баталгаажуулсан юм.