Jump to content

Даунинг стрит, 10

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Даунинг стрит, 10 (Англи: 10 Downing Street) - 1905 оноос Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайдын албан ёсны оршин суудаг албан ажлын байр юм. Энэ нь Лондон хотын Вестминстер дүүргийн Даунинг гудамжны Уайтхолл гудамжтай тулдаг хэсэгт оршдог ажээ.

Анх 3 байшингаас бүрдсэн 10 дугаар байшин 1732 онд II Жорж хаан Ерөнхий сайд Роберт Уолполд санал болгосон. Уолпол Сангийн тэргүүн эзний мэдэлд шилжүүлэх нөхцөлтэйгээр саналыг хүлээн авсан. Сангийн тэргүүн эзний албан тушаалыг Ерөнхий сайд 18, 19-р зууны ихэнх хугацаанд хашиж байсан бөгөөд 1905 оноос хойш хашиж байна. Уолпол Уильям Кентэд гурван байшинг нэгтгэхийг даалгасан бөгөөд энэ том байшин нь Даунинг гудамжны 10 дугаар байшин гэгддэг.

Их Британийн анхны Ерөнхий сайд Роберт Уолпол архитектор Уильям Кентэд өөрт нь хуваарилагдсан 16, 17-р зууны гурван барилгыг нэгтгэхийг даалгажээ. Стюартын сэргээн босголтын үеэр уг барилгуудын нэг нь Сэр Жорж Даунингийн өргөө байсан бөгөөд уг гудамжийг түүний нэрээр нэрлэсэн байна.

Анхны Ерөнхий сайд Роберт Уолполын залгамжлагчид Даунинг гудамж дахь уг өргөөнд дуртай байгаагүй бөгөөд харьцангуй ховорхон очдог байжээ. Байшингийн засвар үйлчилгээний өндөр өртөгтэй тул өргөөг хаах тухай хэд хэдэн удаа хэлэлцүүлэг өрнөж байв. Барилга нь нарийн төвөгтэй зохион байгуулалттай тул ашиглахад тохиромжгүй гэж үздэг байв. Цаашилбал, Ерөнхий сайд Дизраели хүртэл бүх Ерөнхий сайд нар тавилгын үнийг өөрийн халааснаас төлөх ёстой байсан бөгөөд энэ нь үргэлж боломжийн үнэтэй байдаггүй байв.

Викториа хатан хааны эрин үед энэ хаягийг Ерөнхий сайдын оршин суугаа газар гэж холбодог уламжлал бат бөх тогтсон байв.

Бараг 300 жилийн настай барилга нь ойролцоогоор 100 өрөө тасалгаатай юм. Ерөнхий сайдын хувийн орон гэр 3-р давхарт байрладаг бөгөөд зоорийн давхарт гал тогоо байдаг. Бусад давхарт нь Ерөнхий сайдын оффисууд байрладаг бөгөөд тэнд гадаадын удирдагчид болон бусад зочидтой уулзалтууд хийдэг, заримдаа Засгийн газрын хурал ч болдог байна. Дотор хашаа, 2000 хавтгай дөрвөлжин метр цэцэрлэгт хүрээлэнг харсан дэнж байдаг. Байшингийн хаалгыг зөвхөн дотроос нь онгойлгож болно. Ойролцоо нь Гэгээн Жеймсийн цэцэрлэгт хүрээлэн, Вестминстер ордон, Бакинхэмын ордон оршдог.

Даунинг стрит, 10 хаяг дахь байр нь Британийн эзэн хааны Засгийн газрын өмч юм. Бүртгэлтэй хууль ёсны өмч нь Орон сууц, олон нийт, орон нутгийн засаг захиргааны төрийн нарийн бичгийн даргын нэр дээр байдаг.