Jump to content

Дашдэлэгийн Алтангэрэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дашдэлэгийн Алтангэрэл (1949 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн) - Монгол улсын кино жүжигчин. Монголын үзэгчид "Молиго Очир", "Боогоо", "Самдан", белазны жолооч "Очир" гэвэл түүнийг андахгүй танина.

Түүний эх нь залуудаа “Архангайн дугуй цагаан” гэх нэртэй байсан гэдэг. Түүнийг бага байхад холын хамаатных нь айлд өргүүлсэн аж. Жүжгийн зохиол унших дуртай, пянз сонсож, байсхийгээд л аймгийн Соёлын ордон руу гүйж хичээлээ цалгардуулах аястай хүүхэд байсан тул эх нь ангийнх нь үүдэнд сахиж суусаар 7 дугаар ангийг нь төгсгөсөн байна.

Тухайн үед Архангай аймгийн ерөнхий боловсролын сургууль 7 жил суралцаад төгсдөг байсан тул Д.Алтангэрэл аймгийнхаа Соёлын ордонд дуучнаар ажилд оржээ. Тэрээр өөрийгөө бүх талаараа хөгжүүлж, бригадаар тоглолтоор явахад нь бусаддаа тусалж, жолоочдоо дэм болж, машин нь эвдэрвэл засалцаж, ядарсан үед нь жолоог нь ээлжлэн барьж явдаг байв. Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон монгол төрхтэй жүжигчний эрэлд гарч орон нутгаар явахдаа Баянхонгор аймгаас Ж.Дорлигжав, Архангай аймгаас Д.Алтангэрэл нарыг авчирчээ.

Д.Алтангэрэл Улсын Драмын Эрдмийн Театрт “Молиго Очир” нэрээр танигдсан бөгөөд тайзнаа “Учиртай гурван толгой” дуурийн Балган, “Оролмаа эх”-ийн гол дүр зэрэг дүрийг чадамгай бүтээж, ямар чадварлаг, ирээдүйтэй жүжигчин болохоо харуулсан ч олон нялх хүүхэд, гэр бүлээ театрын цалингаар тэжээх боломжгүй байсан тул 2 жил орчим театрт ажиллаад гарч, 1978 онд хангамжийн баазад тээврийн жолоочоор ажилд орсон байна.

Жүжигчид түүнийг “Их Монгол” гэж хочилдог байжээ. Дэлгэцэд мөнхөлсөн дүрүүд нь монгол эр хүний мөн чанарыг илтгэсэн байдаг нь онцлог. Тухайлбал, "Хүний амь" киноны цагдаагийн ажилтан, "Суварган цэнхэр уулс" киноны бага түрүүч Дорлиг, "Үүрийн цолмон" киноны Самдан," "Хоньчин Найдан" киноны Зоригт, "Гэрлэж амжаагүй явна" киноны Очир, "Хатанбаатар" киноны Боогоо буюу Тогоо. Түүний дэлгэцэнд бүтээсэн хамгийн сүүлийн, бас олны хайртай жүжигчин болгосон дүр нь “Гарьд магнай” киноны “молиго” Очир. Тэрээр кино зураг авалтаа дуусгаад “Киноны нээлт дээр уулзацгаая. Би та нартаа нутгийнхаа айрагнаас авчирна аа” гэж хэлээд явжээ. Гэвч тэр осолдож цэл залуу 35-хан настайдаа 1984 онд бурхны оронд одсон байна.