Да лам Цэрэнчимэд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Да лам Цэрэнчимэд
Да лам Цэрэнчимэд
Да лам Цэрэнцимэд
Да лам Цэрэнчимэд
Төрсөн Гомбын Цэрэнчимэд
1872 он
Манж Чин улс, Ар монгол, Их шавь
Нас барсан 1914 оны 5 сарын 7
Богд Хаант Монгол Улс, Баруун хязгаар, Ховд
Үхлийн шалтгаан хордуулсан
Оршуулагдсан газар Богд Хаант Монгол Улс, Ховд
Яс үндэс халх
Үндэстэн монгол
Боловсрол Түвд, хятад хэл
Төгссөн сургууль гэрээр боловсрол олсон
Юугаараа алдаршсан Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Манжаас тусгаарлан Богд Хаант Монгол Улсыг байгуулах үйлсийн гол удирдагч
Хөрөнгө хамжлага өрх 32, хүн ам 293, хөрөнгөний тэмээ 74, адуу 22, үхэр 178, хонь 2155
Хэргэм чин ван
Улс төрийн хөдөлгөөн Монгол үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл
Шүтлэг бурханы шашин
Шашны бүлэг шарын шашин
Эцэг эх эцэг Гомбо

Гомбын Цэрэнчимэд (1872 онд Их шавьд төрж, 1914 оны тавдугаар сарын 7-нд нас барсан) нь Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд Хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг, Монгол улсын шадар сайд, бүгд захирах сайд, Дотоод Яамны хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайд Да лам Гомбын Цэрэнчимэд юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны нутагт (одоогийн Төв аймгийн Лүн сум) эгэл ард “Цоохор” хэмээх Гомбын гэрт XV жарны хар бичин жил буюу 1872 онд мэндэлжээ.

10 нас хүрээд Их Хүрээнд шавилан сууж, Хүрээний номтой гэвш нарын тоонд багтах болжээ. Бурхны номд сүсэглэн суралцаж, төвд, манж хэлийг эзэмшчээ. Удалгүй Эрдэнэ шанзудбын яамны бичээч, ахлах бичээчээр дэвшин ажилласан байна. Энэ үеэр "Хүн бүхэн чин сүжгээр залбиран үйлдэхтүн" ном бичэж шашны дээдсийн анхаарлыг татсан байдаг.

Да лам Гомбын Цэрэнчимэд Монголын засгийн газрын анхны тэргүүн (1911-12). Эрдэнэ шанзудбын яамны бичээчээс Их Хүрээний шанзудба болтлоо дэвшсэн. Тэрээр Манжаас тусгаарлаж төр улсаа сэргээн мандуулах хэрэгт эхнээс нь идэвхийлэн зүтгэж явж байсан. Да лам Цэрэнчимэд Чин ван Ханддорж нар санаачилан 1911 оны 7 дугаар сард Богд гэгээнд бат оршил өргөхөөр ирсэн Халхын дөрвөн аймгийн хан, чуулганы дарга, жанжин, хутагт хувилгаан зэрэг ихэс дээдсийг Богд уулын Нүхтэд цуглуулан, Манжаас тусгаарлах хэргийг хэлэлцүүлэн дэвшүүлжээ. Чингээд эл хэрэгт Хаант Орос Улсаас тусламж гуйхаар Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, өвөрлөгч түшмэл Баянтөмөрийн Хайсан нарыг итгэмжлэн зарж байжээ.

Улмаар Манжаас засгийн эрхийг анх түрүүнд буцаан авч Монголын түр Засгийн газрыг байгуулсан зургаан хүний нэг юм. Тиймээс Богд хаан зарлигаараа түүнийг чин сүжигт цол, шадар сайд, дотоод яамны тэргүүн сайдаар томилж, шавийн хэргийг хавсруулан шийтгүүлсэн. Дотоод яамны сайд бусад яамдаа ахлаж байсан учраас Цэрэнчимэдийг тусгаар Монгол Улсын Засгийн газрын анхны тэргүүн гэж үздэг. Цэрэнчимэд хэдийгээр язгуур угсаагүй боловч Богд хаантай дотно харилцаатай, шадар сайд болж эрх мэдэлд хүрч байжээ. Шашны мяндагтан байсан хэдий ч шашны болон язгууртны дангаар ноёрхох бодлогыг эсэргүүцдэг байв.

1912 оны Орос-Монголын хэлэлцээрийн үеэр эсэргүүцэл илэрхийлж, нармай Монгол Улсыг хүлээн зөвшөөрөхгүй бол хэлэлцээрийг таслана хэмээн мэдэгдэж байсан. Үүний улмаас хэлэлцээнд Монголын талыг толгойлохоо больж сайн ноён Намнансүрэн тэргүүлэхэд хүрчээ. Тэр Монголын тусгаар тогтнолын баталгаа зөвхөн Оростой холбоо тогтоосноор хангагдахгүй, харин бусад хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх нь чухал гэж үздэг байсан тул 1913 онд бинт ван Гончигсүрэний хамт Японтой харилцаа тогтоохоор Хайлаарт очиж, Оросын явуулгаар мухардаад буцаж ирж байжээ.

1912 оны дунд үеэс засгийн эрх, цаашдын улс төрийн бодлогын улмаас хар ноёдтой илтэд зөрчилдөх болсон бөгөөд тэд түүний хамтран зүтгэгч Б.Хайсанг баривчлан хорих зэргээр улс төрийн нөлөөг хязгаарлахыг оролдож байсан. Үүнд түүний язгуур гарал үүсэл, хувийн зан чанар дөнгө болж байв. Энэ бүхний эцэст 1914 онд түүнийг баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилж Нийслэл Хүрээнээс холдуулсан бөгөөд замдаа 5-р сарын 7-нд сэжиг бүхий байдлаар нас барсан гэдэг.

Сонирхолтой баримтууд[засварлах | кодоор засварлах]

  • Хаант Оросоос нууцаар тусламж хүсэх аялалаас буцах явах үед Эрхүүгээс эхлэн дагаж эхлэсэн хоёр хятад хүн Да лам Цэрэнчимэдийг вагоноос түлхэн унагаахаар оролдоход Да лам тэднийг нам өшиглөн унагасан гэдэг.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  • Ж. Болдбаатар. Да лам Цэрэнчимэд.УБ хот. 2002 он.