Диахрон ба синхроны арга

Диахрон ба синхроны арга (Методы диахрона и синхрона. Diachronic and Synchronic methods). Энэ бол эхлээд хэл шинжлэл болон утга зохиол судлалын өвөрмөц ойлголт байсан бөгөөд сүүлд нийгэм-хүмүүнлэгийн судалгаанд түгээмэл хэрэглэдэг өргөн утга бүхий ойлголт, арга болон хувирчээ. Өнөөдөр шинжлэх ухаанд, түүний дотор сэтгүүл зүйд өргөн хэрэглэдэг танин мэдэхүйн диахрон – синхроны тусгай аргын үндсийг энэ ойлголт бүрдүүлсэн гэж үздэг. Энэ нэр томъёонууд эртний герегийн “дундуур”, “одоо”, “цаг үе” гэсэн үгнээс гаралтай бөгөөд дараах утгыг илэрхийлдэг. 1. Диахрон гэж аливаа судлагдахуунд “цаг хугацааны үе шат, онцлогоор” дамжуулан хандахыг, 2. Синхрон гэж судлагдахууныг “тухайн цаг мөчид”, “одоо цагт”, гарал үүсэл, түүхээс салган хийсвэрлэн авч үзэхийг хэлдэг. Энэ аргын гол зорилго нь судалж буй зүйлийг түүх ба орчин үеийн нэгдэлд авч үзээд, тэдний харилцан нөлөөлөх, харилцан үйлчлэх механизмыг эрж хайхад оршино. Тийм “механизм”-ын үүргийг ихэнх тохиолдолд харилцан яриа (диалог), заримдаа олон талын яриа (полилог) гүйцэтгэдэг. Тийм нэгтгэн дүгнэх үйл явцын нэг илэрхийлэл бол хронотоп байдаг. Энэ бол цаг хугацааны ба орон зайн нэгдлийг тунгаан бодсоноор хийх, эсвэл судлагдахууны үүсэл гарлын үүднээс тусгах явдал юм. Синхроны арга тухайн цаг мөчийн мэдрэмж, тухайн үе дэх ахуйн байршил, одоо цагийн шинжийг зайлшгүй илэрхийлэх албагүй. Харин диахронаар буюу байр, орон зайд түр зуурын байршилаар дамжуулан илэрхийлж болно. Диахрон ба синхроны задлан шинжилгээг тус тусд нь хэрэглэж болно. Гэхдээ тэднийг хослон хэрэглэх нь хөгжил хөдөлгөөнд оршдог, нээлттэй системийг дүрслэн үзүүлдэг боломжоороо өргөн төдийгүй сонирхолтой гэдгийг анхаарах нь чухал юм.