Дикит

Диккит (Англи: Dickite, Al₂Si₂O₅(OH)₄) нь анх тодорхойлон тайлбарласан металлургийн химич Аллан Брюг Дикийн нэрээр нэрлэгдсэн, филлосиликат бүтэцтэй шаврын эрдэс юм. Химийн найрлага нь ойролцоогоор 20.90% хөнгөн цагаан, 21.76% цахиур, 1.56% устөрөгч, 55.78% хүчилтөрөгчөөс бүрдэнэ. Найрлагын хувьд каолинит, накрит, галлуазиттай ижил боловч талстын бүтэц нь өөр (полиморф) юм. Дикит нь заримдаа титан, төмөр, магни, кальци, натри, кали зэрэг хольц агуулж болно.
Дикит нь бусад шаврын эрдэстэй хамт тохиолддог бөгөөд түүнийг яг таг тодорхойлоход рентген дифракцийн шинжилгээ шаардлагатай. Энэ эрдэс нь гидротермаль системд хувирлын чухал үзүүлэлт болдог төдийгүй хөрс болон занарлаг чулуулгад ч тохиолддог.
Дикитийн төрлийн (type) байршил нь Их Британийн Уэльсийн Англси арал, Амлух хотын ойролцоох Пант-и-Гасег (Pant-y-Gaseg) газар бөгөөд энд 1888 онд анх тодорхойлогдсон. Үүнтэй төстэй нөхцөл бүхий газруудад дикит илэрдэг бөгөөд Хятад, Ямайка, Франц, Герман, Их Британи, АНУ, Итали, Бельги, Канад зэрэг орнуудад олддог.
1888 онд Шотландын металлургийн химич Аллан Брюг Дик (1833–1926) каолины судалгаа хийх зорилгоор Англси аралд ажиллаж байхдаа шаврын эрдсийг тодорхойлсон олон туршилт, судалгаа явуулжээ.