Дмитрий Богомолов

Дмитрий Богомолов (орос. Дмитрий Васильевич Богомолов, 1890 оны 6-р сарын 6-нд Санкт-Петербург хотод төрж, 1938 оны 5-р сарын 7-нд Москва мужийн «Коммунарка»-д эрх баригчдад будуулан хороогдож нас барсан) — Зөвлөлтийн дипломатч, Польш (1927—1929) болон Хятадад (1933—1937) Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч байсан. 1938 онд буудан хороогдсоны дараа сүүлд 1957 онд цагаатгасан байна.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Д.В.Богомолов Санкт-Петербург хотод ажилчны гэр бүлд төржээ. Гурван жилийн бага сургууль, дараа нь хотын дөрвөн жилийн сургууль төгссөн. 1910 онд цэргийн албанд татагдахаасаа өмнө банканд бичиг хэргийн ажилтан байсан. Энэ үеэр гимназийн курсийн шалгалт өгч тэнцсэн. 1911 онд тэрээр ахлагч цолтой цэргийн албыг орхиж, Владивосток руу явж, бичиг хэргийн ажилтан, нягтлан бодогчоор ажилласан. Тэр өөрөө боловсролдоо анхаарч, бие дааж хятад хэл сурсан. Дэлхийн нэгдүгээр дайны эхэн үед түүнийг армид дайчилсан байна. 1915 оны 8-р сард тэрээр шархдаж, германчуудад олзлогдож, дайн дуустал тэндээ байжээ.
1918 онд тэрээр Петроград руу буцаж, Оросын Коммунист (б) намд элсэж, Украины Суртал ухуулгын Ардын Комиссариат руу илгээгджээ. Иргэний дайны үеэр Нестор Махногийн цэрэгт олзлогдож байжээ.
1920 онд Дмитрий Богомолов Одесс хотод РСФСР-ын Гадаад хэргийн ардын комиссариатын мэдээллийн товчоонд, дараа нь Москва дахь Украины төлөөлөгчийн газарт алба хаасан байна.
Тэрээр 1922 оноос хойш гадаадад дипломат албанд ажиллаж байсан: 1922 онд Австри улсад дайнд олзлогдогсдыг эх оронд нь буцаах асуудлаарх Украины төлөөлөгчөөр оролцож, мөн оны 11-р сард Берлин дэх Украины төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байв.
1923 оны 5-р сараас Австри дахь ЗХУ-ын төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн даргаар, 1924 оны 12-р сараас Их Британи дахь төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан.
1927 оны 9-р сарын 17-нд Д.Богомоловыг Польш дахь бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Энэ хугацаанд тэрээр хувьсгалаас өмнө Польшоос гаргаж авсан архив, соёл, түүхийн үнэт зүйлсийг эргүүлэн авчрах ажлыг хөнгөвчилсөн.
1929 оны 12-р сараас 1932 оны 11-р сар хүртэл Богомолов Лондон дахь төлөөлөгчийн газрын зөвлөхөөр ажиллаж байв.
1933 оны 2-р сарын 20-нд Хятадад суугаа Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан.
1937 оны 10-р сарын 13-нд түүнийг Москвад буцаж ирээд байхад нь "Зөвлөлтийн эсрэг алан хядах байгууллага"-д оролцсон хэмээн буруутгаж баривчилжээ. Улмаар 1938 оны 5-р сарын 7-нд ЗХУ-ын Цэргийн шүүхийн зарлигаар цаазаар авах ял оноож, тэр өдөр нь ялыг гүйцэтгэсэн байна. Түүнийг нас барсны дараа 1957 оны 7-р сарын 13-нд ЗХУ-ын Цэргийн дээд шүүхээс цагаатгасан байна.