Jump to content

Дмитрий Язов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дмитрий Язов (орос. Дми́трий Тимофе́евич Я́зов, 1924 оны 11-р сарын 8-нд ЗХУ-ын Омск мужийн Калачинскийн дүүрэг, Покровская волост, Язово тосгонд төрсөн - 2020 оны 2-р сарын 25-нд Москва хотод нас барсан) - Зөвлөлтийн цэргийн удирдагч бөгөөд ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд (1987-1991). ЗХУ-ын маршал (1990). ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүнд нэр дэвшигч (1987-1990). ЗХУКН-ын Төв Хорооны гишүүн (1987-1991). ЗХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн (1990). ЗХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн (1991). Улсын онцгой байдлын хорооны гишүүн (1991). Аугаа эх орны дайнд оролцогч.

Тэрээр ЗХУ-ын маршалуудын хамгийн залуу нь (төрсөн жилээр) байсан бөгөөд цол олгосон өдрөөр ЗХУ-ын хамгийн сүүлчийнх нь байв.

Д.Язов 1924 онд Омск мужийн Язово тосгонд тариачин Тимофей Яковлевич Язов (1902—1933), Мария Федосеевна Язова (1904—?) нарын гэрт төрсөн.

Тэрээр 1941 оны 11-р сард Улаан армид элсэн ороод 1942 оны 8-р сараас Зөвлөлтийн Аугаа эх орны дайны Волхов, Ленинградын фронтод винтовын взводын командлагчаар тулалдсан. Ленинградыг хамгаалах, Балтын тэнгис дэх Зөвлөлтийн цэргүүдийн довтолгооны ажиллагаанд, Германы цэргүүдийн Курландын бүлгийг бүслэхэд оролцсон. 1944 онд Бүх Холбооны Коммунист (Большевик) Намд элсэв.

1945 оны Ялалтын дараа түүнийг Улаан армийн явган цэргийн офицеруудын мэргэжил дээшлүүлэх курст явуулж, 1946 онд төгсөөд винтовын ротын захирагчаар томилогдов. 1953 онд хошууч цолтойгоор оройн сургууль, 1956 онд М.В.Фрунзегийн нэрэмжит Цэргийн академийг алтан медальтай төгссөн байна.

1967 онд Жанжин штабын Цэргийн академийг төгссөн. 1967 оны 10-р сараас Өвөрбайгалийн цэргийн тойргийн 122-р харуулын мотобуудлагын дивизийн командлагч, хошууч генерал (1968.02.22). 1971 оны 3-р сараас Крым дахь 32-р армийн корпусын командлагч, дэслэгч генерал (1972.12.15). 1973 оны 1-р сараас ЗСБНАзербайжан Улсад байрладаг 4-р армийн командлагч (төв байр нь Баку хотод). 1974 оны 5-р сараас ЗХУ-ын Батлан хамгаалах яамны боловсон хүчний ерөнхий газрын 1-р газрын дарга. 1976 оны 10-р сараас Алс Дорнодын цэргийн тойргийн командлагчийн нэгдүгээр орлогч, хурандаа генерал (1977.10.28).

1979 оны 1-р сараас Чехословак дахь хүчний төв бүлгийн командлагч. 1980 оны 12-р сарын 30-наас Төв Азийн цэргийн тойргийн командлагч, армийн генерал (1984.02.06). 1984 оны 6-р сараас Алс Дорнодын цэргийн тойргийн командлагч, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Алс Дорнодод алба хааж байхдаа Ким Ир Сентэй ойр нөхөрлөж байсан гэдэг. 1987 оны 1-р сараас Боловсон хүчний ерөнхий газрын дарга (ГУК) - ЗХУ-ын Батлан хамгаалахын сайдын боловсон хүчний асуудал эрхэлсэн орлогч.

ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1987 оны 5-р сарын 30-ны өдрийн зарлигаар ЗХУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдсон.