Jump to content

Доян харуул

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Дойн харуул-с чиглүүлэгдэв)

Доянь харуул (ханз: 朶顔衛, пиньинь: Duǒ yán wèi) бол 1389 онд Мин улсаас Хянганы нурууны зүүн хэсэгт Жалайрын Нагачу ноёны харъяат нараар байгуулсан Урианхайн 3 харуулын нэг харуул юм. Доян харуул нь урианхайн гурван харуул дотроос өрнө зүгт Сюаньфу, Муна уул, Ордосын Бортохой хүртлэх нутагт тархан нутаглаж байсан хүчирхэг аймаг юм.

Доян харуулыг байгуулахаас урьд Юань улсын эхэн үед Ляоян мужийн Кайюань чөлгөний харъяанд "Дойн өндөрийн урианхайн мянгат" (朵因温都儿兀良哈千户所) гэсэн захиргаа байсан нь Юань улсын сүүлч үед Доян юаньшифу (朵颜元帅府) хэмээх нэртэй бүтэц болжээ.

1387 онд Нагачу ноён Мин улсын армид бууж өгч, 1388 онд Төгстөмөр хаан алуулсны дараа урианхайн Торгучар ноён албат ардаа дагуулан бууж өгсөнд 1389 онд Доян харуулыг байгуулж, Торгучарыг тус харуулын жихуйтунжи (мянгатын хамт захирагч дарга) болгожээ. Доян харуул анхандаа Чол мөрөн, Эх Доён Өндөр[1] ууланд нутаглаж байснаа 1437 он гэхэд Муни уул, Хатан голоор нутаглаж, Мин улсын хилд довтолж эхэлсэн[2] бөгөөд зүүн тал Гуаннин (广宁), Чианьтунаас (前屯) Баясгалант хадат хаалгыг өнгөрөн Сюаньфу[3] хүртэл нутагладаг болжээ. Доянь харуул нь Урианхай, Уругуд[4], Үжээд, Жарууд, Горлод зэрэг отгоос бүрдэж байв.

Доян харуул нь Хунь-у, Юнлөгийн дунд үе хүртэл Мин улсын хилийг хамгаалж, мориор алба өргөж хариуд нь эд бараагаар сольж худалдаа хийх зэргээр хүчин зүтгэж байв. Харин 1410-1424 он хүртэл Аругтай тайшийн ятгалгаар Мин улстай олон удаа байлдах, бууж өгөх зэргээр Мин улс ба Монгол улстай харилцаж байсан. Сюаньдө хаан, Жөнтун хааны жилүүдэд хэд хэдэн удаа дээрмийн довтолгоон хийж байсан бөгөөд тэдгээрийн ард Аругтай тайш эсвэл Эсэн тайш нарын нөлөө их байсан. 1444 онд Эсэн тайшийн дүү Сайхан вангийн удирдсан цэргийн анги Доян харуулын Нарбухыг хороож, их хэмжээний дээрэм хийсний дараа Тайнин харуул, Фуюй харуул, Доян харуулын ноёд, ардууд Мин улсын хилд улам ойртон нутаглаж, жил бүр алба өргөх болжээ. Гэвч энэ харилцаа нь хилийн жанжидийн зэрлэг балмад зан авир, Мингийн төрөөс олгох цалинг нь зогсоосон зэрэг явдал нь 1449-1450 онд Монголын их цэрэгт хөтөч болоход ихээхэн нөлөөлсөн. Үүнээс хойш 1607 он хүртэл Мин улс болон Монгол улстай байлдах, найрамдах мэтээр харилцаатай байв.

Доянь урианхайн ноёд

[засварлах | кодоор засварлах]
Нэр Ханз Албан тушаал Томилогдсон он Нас барсан он Тайлбар
Торгочар 脫兒火察 1389 онд Жихуйтунжи (指挥同知);

1403 онд зүүн цэргийн дуду, засаг захиргааны дудугийн туслах[5] (左軍都督府都督僉事)

1389 1433 Зэлмийн удам
Хархудай[5] 哈兒兀歹 Жихуйн ахлах туслагч[5] (都指揮同知) 1403
Дорган (Dorgan[6]) 朵罗干 Баруун гарын Дуду (右都督) 1433 1488 Торгочарын хүү
Өлзийтөмөр 完者帖木儿 Жихуйши (都指挥事)

Зүүн гарын Дуду (左都督)

1433 1446 Торгочарын хүү
Арчиман (Орочу шигүш) 阿尔乞蛮 Жихуйши (都指挥事)

Зүүн гарын Дуду (左都督)

1446 1507 Өлзийтөмөрийн ач[7], Болху жононгийн хадам эцэг
Тогооч 脱火赤 Зүүн гарын Дуду (左都督) Горлодын Тогочи шигүши
Хуадан (Хутуг шигүш) 花当 Зүүн гарын Дуду (左都督)

Уругудын ноён

1507[8] 1540[9] Арчиманы хүү, Даян хааны Жимсгэнэ хатны эцэг[10]
Шилинболд 失林孛罗 Баруун гарын Дуду (右都督) 1515 ? Дологаны ач хүү
Гэрэлтэй 革兰台 Зүүн гарын Дуду (左都督) 1540[9] 1547 Хуаданы ахмад хүү
Барсун 把儿孙 Жихуйн хамт мэдэгч (指挥同知)

Жаруудын ноён

1515 1530[11] Хуаданы дэд хүү, Даян хааны хүргэн Баасун тавнан
Энх 影克 Зүүн гарын Дуду (左都督) 1548 1567 Гэрэлтэйн хүү
Чанан 长昂 Зүүн гарын Дуду (左都督) 1567 1606 Энхийн хүү, Харчины Чинбаатар ноёны хүргэн

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]
  1. ↑ Haenisch 1952, х. 24.
  2. ↑ Гэсэр 2019, х. 36.
  3. ↑ Гэсэр 2019, х. 35.
  4. ↑ Гэсэр 2019, х. 34–35.
  5. 1 2 3 Урангуа 2015, х. 88.
  6. ↑ Serruys 1966, х. 26, 36.
  7. ↑ Гэсэр 2019, х. 37.
  8. ↑ Гэсэр 2019, х. 47.
  9. 1 2 Гэсэр 2019, х. 46.
  10. ↑ Гэсэр 2019, х. 44.
  11. ↑ Урангуа 2015, х. 92.
  • Haenisch, Erich (1952). Sino-mongolische Dokumente vom Ende des 14. Jahrhunderts (German хэлээр). Berlin.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link) CS1 maint: unrecognized language (link)
  • Б, Гэсэр (2019). "Орочу шигүши ба Хутуг шигүш хоёрын Доянь Урианхай аймагтай холбогдох асуудалд". Historia Mongolarum (МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг). 18.
  • Н, Урангуа (2015). Мин улсын түүх: Татарын шастир, Ойрадын шастир, Урианхайн гурван харуул. Улаанбаатар: Битпресс.
  • Serruys, Henry (March 1966). "Mongol tribute missions of the Ming period". Central Asiatic Journal. 11: 1–83.