Доменико Скарлатти
Доменико Скарлатти (Итали: Domenico Scarlatti, 1685-1757) - Италийн хөгжмийн зохиолч, клавесин хөгжимчин, амьдралынхаа ихэнх хугацааг Испани, Португалд өнгөрүүлжээ. Хэдийгээр барокко үеийн хөгжмийн зохиолч боловч түүний хөгжим классицизмын үеийн хөгжмийн урлагт хүчтэй нөлөө үзүүлсэн ажээ.
Скарлаттийнхны удмаас ихээхэн алдар хүндийг олж хөгжмийн түүхэнд үлдсэн хүн бол Алессандро Скарлаттийн хүү Доменико Скарлатти бөгөөд тэрээр И.С.Бах болон Г.Ф.Гендель нартай үе чацуутан юм. Д.Скарлатти нь төгөлдөр хуурт зориулсан уран бүтээл, урын сангийн анхдагчдын нэг гэдгээрээ, клавесин хөгжимдөх урлагийн виртуоз хэв маягийг үндэслэгчдийн нэг гэдгээрээ хөгжмийн түүхэнд үлдсэн байдаг.
Скарлатти Неапольд төржээ. Бяцхан хүүгийн анхны хөгжмийн багш нь түүний төрсөн эцэг нь байсан бол удалгүй алдартай хөгжимчин Г.Герцийн шавь болж улмаар 16 насандаа орган хөгжимчин, Неаполитаны вангийн ордны капеллад хөгжмийн зохиолчоор ажиллах болжээ. Гэсэн хэдий боловч эцэг нь хүүгээ Венец рүү явуулж хөгжмийн боловсролоо дээшлүүлэх боломж олгосон байна. 4 жил италийн нэртэй хөгжмийн зохиолч Ф.Гаспаринитай хичээллэж, мөн Германы хөгжмийн зохиолч Г.Ф.Гендельтэй танилцан нөхөрлөж, алдарт Б.Марчеллотой харилцаж байсан нь түүний хөгжмийн ертөнцийг бүрэлдэн бий болоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Венецэд түүний амьдралын сурах, боловсрох цаг үе нь байсан бол их хамба Оттобонийн дэмжлэгтэйгээр Ромд ирснээр Скарлаттийн уран бүтээлийн чухал үе эхэлдэг.
Скарлаттийн танилын хүрээнд Б.Паскуини, А.Корелли нар байсан гээд үзэхэд Ромын голлох уран бүтээлчдийн дунд тэр багтаж байжээ. Тэрбээр Польшийн хатан хааны захиалгаар дуурь бичиж 1714 оноос Ватиканы капельмейстерээр ажиллан олон тооны сүмийн хөгжим туурвисан аж. Үүний зэрэгцээ Скарлаттийн хөгжимчний нэр алдар мөн өсөж байв. Түүний нэр алдрыг Англид дуурсгах боломж олгож байсан Ирландын орган хөгжимчин Томас Розенгрейв хожим дурсахдаа “урд өмнө түүн шиг чадварлаг, гарамгай, сэтгэл хөдлөлтэй тоглолтыг үзэж, сонсож байсангүй, хөгжмийн даралт дээгүүр яг л олон мянган чөтгөр гүйх мэт сэтгэгдэл төрүүлж байлаа...” хэмээжээ. Гарамгай клавесин хөгжимчний тоглолтыг Европ даяараа биширч байлаа.
1720 онд Скарлатти Итали орныг орхин явсан ба дахиж эргэж ирээгүй юм. Тэр Португалын Лиссабон хотод ирж, Мария Барбарын ордонд хөгжмийн багш, капельмейстерээр ажиллах болжээ. Энэ албанд Скарлатти амьдралынхаа үлдсэн хугацааг зориулсан бол Мария Барбар хожим нь Испанийн хатан хаан болсон(1729) юм. Скарлатти мөн л түүнийг даган Испани руу явжээ. Энд байхдаа Испанийн А.Солер зэрэг хөгжмийн зохиолчидтой танилцан найзлаж нөхөрлөснөөр Скарлаттийн уран бүтээлийн нөлөө Испанийн клавирын урлагт тусгалаа олсон байдаг.
Түүний 20 дуурь, 20 орчим оратори болон кантат, дан хөгжмийн 12 концерт, месса “Miserere”, “Stabat mater” зэрэг өргөн хүрээтэй, далайцтай бүтээлүүдээс түүний клавирт зориулсан туурвилууд нь уран сайхны онцгой амьд мэдрэмжийг хадгалж үлдээсэн байдаг. Чухам эдгээр клавирын бүтээлүүдэд Скарлаттийн гоц авьяас бүхэлдээ тусгалаа олсон юм. Түүний нэг ангит сонатуудыг 555 орчим гэсэн тоон баримтыг судлаачид гаргажээ. Гэхдээ түүнийг нас барсны дараагаар хөгжмийн агуу зохиолчийн бүтээлүүд нь янз бүрийн номын сан, архиваар тарж, ихэнх нь хаягдаж үрэгдэх замаар хомсдох болсон бол XIX зуун дунд үеэс дахин сэргээх, хэвлэх эхлэл тавигдсан байна.
Доменико Скарлаттийн уран бүтээлүүдийн онцгой шинж байдлыг дараах байдлаар тодорхойлж болох юм. Жишээ нь түүний хөгжмийн бүтээлд Испанийн ардын хөгжим хүчтэй нөлөө байгааг тэмдэглэх хэрэгтэй. Үүнийг түүний бүтээл дэх фригийн ладын хэрэглээгээр, Европын хөгжмийн урлагт тэр бүр элбэг бус модуляцаар дамжуулан анзаарч болно. Мөн гитарын байж болох фактур, имитацаар таньж болно. Түүний уран бүтээлд испани ардын дууг бараг өөрчлөлтгүй хэрэглэх нь элбэг. Ийм хэрэглээг XX зууны Б.Барток хүртэл өөр хөгжмийн зохиолчид зориглон ашигласангүй. Скарлаттийн уран бүтээлд хожмын классицизмын гэж нэрлэгдэх хөгжмийн хэллэгүүд, хэлбэр бүтцийн шинж төлөвүүд байна.
Сонат №60 си минор (1734) нь эртний сонатын хэлбэрт (АА1) бичигдсэн. Нэгдүгээр хэсэгт гол болон туслах аялгуунуудыг үзүүлнэ. Хоёрдугаар хэсэгт гол аялгууг голчлон хөгжүүлэх ба туслах аялгууг үндсэн дэвсгэр хөгт эгшиглүүлдэг (реприз буюу давтах хэсэг). Сонатын нэгдүгээр хэсэгт дэвсгэр хөг нь тоникоосоо (си минороос) зэргэлдээ мажорын (D-dur) хөгт шилжих бол хоёрдугаар хэсэгт үндсэн дэвсгэр хөгт орж ирнэ. Нэгдүгээр хэсгийг хэд хэдэн хэсэгт хувааж үзэж болно. Үүнд:
- Гол аялгууг үзүүлэх, мөн түүнийг хөгжүүлсэн байдаг (1-24 такт).
- Туслах аялгуу эхлэхийн өмнөх холбоос аялгуу (24-33 такт)
- Зэргэлдээ мажор буюу D-dur туслах аялгуу (34-47 такт)
Хоёрдугаар хэсгийг мөн хэд хэдэн хэсэгт хувааж болох юм.
- Гол аялгууг хөгжүүлэх хэсэг (энэ хэсэг нь зохиол дахь өрнүүлгийн үүргийг гүйцэтгэнэ)
- Холбоос нь богинохон байх ба 4 такт болно.
- Туслах аялгуу нь эргээд үндсэн дэвсгэр хөгт (h-moll) давталт байдлаар эгшиглэнэ.
Гол аялгуу нь 2 ангит хэлбэрт бичигдсэн байх ба эхнийх нь (1-12 такт) хэсэгт үндсэн сэдвийг үзүүлэх хэсэг болох бөгөөд үндсэн дэвсгэр хөгтөө тодорхой хэмжээний төгсгөлтэй бичигдсэн байна. Хоёрдугаар хэсэг нь мөн 2 хэсгээс бүрдэх бөгөөд эхний 6 такт нь үндсэн сэдвээ хөгжүүлж хоёрдугаар хэсэг нь нэгдүгээр хэсгийн төгсгөлийг давтана.
Ерөнхий байдлаараа гол аялгуу буюу үндсэн сэдэв нь хөнгөн, бүжгийн маягтай бөгөөд хоёр хоолойн найруулгаар бичигдсэн аж. Холбох хэсэг нь туслах сэдвийн хөг рүү тэмүүлсэн маягаар хийгджээ.