Jump to content

Дондогдоржийн Дашдондог

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дондогдоржийн Дашдондог (1932 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрж, 1982 онд нас барсан)- Монголын яруу найрагч, алдарт "Аяны шувууд" дууны үгийг зохиогч, орчуулагч бөгөөд хүүхдийн зохиолч.

Дондогдоржийн Дашдондог 1952 онд МУИС-ийн эдийн засгийн ангид элсэж ороод сурч байгаад өөрийгөө том найрагч хэмээн онгирч сахилга алдсан, архи уусан хэмээн 1956 онд хөөгдсөн. Тэрээр 1956 оны 1-р сарын 1-нд Улсын радио хороонд тоймчоор ажилд орсон, 1957 оны 8-р сарын 1-ний өдөр цэрэгт татагдсан байна. ЗХУ-д Нисэх техникийн дунд сургуулийг 1957-1960 онд суралцаж төгсчээ.

"Зөвлөлтөд АН-2 онгоцны техникчийн сургууль төгссөн, хаана ч юм бэ эдийн засгийн сургуулийг улаан дипломтой дүүргэж, Сангийн яамны валютын хэлтэс, Эдийн засгийн дээд сургуульд багшилж байгаад бага сага балгаж алба алдсаны учир нутаг заагдан манай сургуульд цагийн багшаар ирсэн юм гэнэ. Зөвлөлтөөс онц сурлагатны улаан диплом, орос авгай хоёртой эх орондоо буцаж ирсэн тэрбээр юм юмны захтай, хэр баргийн хүнд гар баригдахааргүй эрдэм авьяас нэгэн биед заяасан, тухайн цагтаа Монголд хэрэгтэй том сэхээтэн байсан" гэж яруу найрагч Б.Догмид дурссан байдаг.

1948-1965 онд “Пионерын үнэн”, “Залгамжлагч”, “Пионер”, “Оюун түлхүүр” зэрэг хүүхдийн сонин сэтгүүлд их бичсэн. “Уран зохиолын цоморлиг”, “Яруу найргийн цоморлиг”-т 10 гаруй, “Цог” сэтгүүл, “Соёл, утга зохиол”, “Утга зохиол, урлаг” сонинд нэлээд шүлэг байна. “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонинд тус бүрд нь 10 гаруй шүлэг, найруулал, сурвалжилга, тэмдэглэл, мэдээ, “Үнэн” сонинд шүлэг, орчуулсан шүлэг бий.

"“Аяны шувууд”-аа аялан дуулж яваарай..." нэртэй ном 2024 онд уншигчдын гар дээр очсон.