Доржийн Цэрэнханд
Доржийн Цэрэнханд (1911–1972) нь Монгол Улсын гадаадад боловсрол эзэмшсэн анхны эмэгтэйчүүдийн нэг, багш, орчуулагч, номын санч, соёлын зүтгэлтэн юм. Тэрээр Монголын номын сангийн мэргэжлийн анхны үеийн төлөөлөгч, Монгол Улсын Үндэсний номын сангийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан[1] эрхэм сэхээтэн байв.[2]
Намтар
[засварлах | кодоор засварлах]Д.Цэрэнханд нь 1911 онд Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу (одоогийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сум)-нд төржээ. Эцэг нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Бунибазарын Дорж, эх нь Гомбожаагийн Чимэдрэгзэн юм. Тэрээр эцэг, эхийн халамжинд өсөж хүмүүжсэн.
Нийслэл Хүрээний бага, дунд сургуулийг дүүргэсний дараа 1926-1929 онд Герман улсын Летцлинген болон Виккерсдорфын чөлөөт сургуулиудад суралцсан. Тэрээр Монголоос гадаадад сурсан анхны 35 оюутны нэг бөгөөд тэдгээрээс Германд суралцсан таван эмэгтэй оюутны нэг байв. 1929 онд “феодал этгээдийн охин” гэх шалтгаанаар хугацаанаас нь өмнө эх оронд нь буцаажээ.
Ажил хөдөлмөр
[засварлах | кодоор засварлах]1929 оноос Ардыг Гэгээрүүлэх яаманд бичээч, орчуулагчийн сургуульд суралцаж, 1931-1936 онд багш, 1937-1968 он хүртэл Шинжлэх ухааны хүрээлэн болон Улсын төв номын санд номын санчаар ажилласан. Энэ хугацаанд номын сангийн нэр томьёо, ангилал, каталогжуулалт, ном зүйн бүртгэлийн үндсийг тогтоож, стандартыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. “Номын сангийн нэр томьёо” (1956), “Монгол нэрсийн гурван тэмдэгт” (1961) зэрэг бүтээлийг зохиоход оролцсон.
Шагнал урамшуулал
[засварлах | кодоор засварлах]Д.Цэрэнханд нь “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Соёлын тэргүүний ажилтан”, Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медалиудаар шагнагджээ. Тэрээр 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн номын сангийн мэргэжлийн жинхэнэ гишүүн цолыг хүртэж байсан.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Д.Цэрэнханд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ард Дэжидийн хүү Санжмятавтай гэрлэсэн. Түүний нөхөр нь нягтлан бодогч мэргэжилтэй, Монголын авто тээврийн салбарын анхны байгууллагуудын нэг болох Нэгдүгээр Авто баазын ерөнхий нягтлан бодогч, дарга, мөн Холбооны удирдах газрын Төв шуудангийн ерөнхий нябо зэрэг албан тушаал хашиж байжээ.
Тэд хүүхэдгүй байсан бөгөөд аав Б.Доржийн төрсөн эгчийн ач хүү Батмөнхийн Энэбишийг (БНМАУ-ын Тээврийн яамны сайд, орчуулагч) өсгөн хүмүүжүүлсэн. Б.Энэбиш, түүний гэргий С.Янжмаа нар Цэрэнханд, Санжмятав нарыг насан эцэст нь хүртэл халамжилжээ.
Түүнийг гэр бүлийнхэн нь “Лила” хэмээн авгайлдаг байв. Тэрээр ном унших, хэрээсэн хатгамал хийх, уртын дуу сонирхох, шуудангийн марк цуглуулах дуртай, нягт нямбай, өндөр боловсролтой, шударга, ажилч хичээнгүй сэхээтэн байжээ.
Эцгийн хэрэг цагаатгал
[засварлах | кодоор засварлах]Түүний эцэг Бунибазарын Дорж нь Монгол Улсын Ерөнхий сайд Анандын Амарын байр суурийг дэмждэг гэж үзэн улс төрийн хилс хэрэгт холбогдож, 1940-1943 онд баривчлагдан, Хорих мөрдөнд нас баржээ.
Цэрэнханд 1957 онд эцгийнхээ хэргийг цагаатгуулах хүсэлт гаргасан ба 1960 онд БНМАУ-ын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссоос Б.Доржийг цагаатгах шийдвэр гаргажээ.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]Д.Цэрэнханд нь Монголын номын сангийн хөгжлийн эхэн үеийг туулсан, мэргэжлийн үндсийг тавилцсан, сэхээтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, алтан үеийн номын санч байжээ. Түүний боловсрол, түүхэн замнал нь Монголын эмэгтэйчүүдийн боловсрол, сэхээтний давхаргын төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн баримт юм.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- “Д.Цэрэнхандын намтар”, гэр бүлийн архив, 2025 он
- “Монголын номын сангийн хөгжил”, ШУА, 1975 он
- ↑ Эрдэнийн, Пүрэвжав (2003). “Монгол Улсын Шинжлэх ухаан”, 108 боть, 2-р цуврал: Онходын Жамъян. Улаанбаатар: Согоо нуур. х. 1–152. ISBN 99929-5-671-2.
- ↑ Чимэд-Осор, Болд (2016). Алс газар сурахаар одогсод (Дэд дэвтэр). Улаанбаатар хот, Монгол Улс: Адмон принт ХХК. х. 178–187. ISBN 978-99973-0-913-6.