Дорж-Юндэнгийн Болдхуяг
| Дорж-Юндэнгийн Болдхуяг | |
|---|---|
| Төрсөн: | 12 сарын 8, 1977 Улаанбаатар хот |
| Ажил үйл | Археологич |
| Яс үндэс | Халх |
| Улс орон | Монгол Улс |
| Төрөл | Яруу найраг |
| Шагнал | Яруу найргийн "Болор цом" наадмын тэргүүн шагнал, “Цагаан уул” наадмын тэргүүн шагнал. |
Дорж-Юндэнгийн Болдхуяг нь 1977 оны 12 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн.[1] Монгол улсын яруу найрагч. "Болор цом"-ын эзэн (2011). Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт (2020). 2000-аад оны Монголын яруу найргийн нэг гол төлөөлөл.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Даян овогт Дорж-Юндэнгийн Болдхуяг эцгийн талаас Завхан аймгийн Алдархаан сум, эхийн талаас Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул.[2] Аав Дорж-Юндэн нь Алдархаан сумын Богдын голд төрсөн буюу их яруу найрагч Бэгзийн Явуухулантай нэг голын хүн байжээ.[3]
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]2001 онд Улаанбаатарын их сургуулийг археологич мэргэжлээр төгсөөд 2003 онд тус сургуульд магистр хамгаалсан. 2009-2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуулийн докторантурт суралцаж “Монгол улсын нутаг дэвсгэрт буй Хятаны үеийн хот суурин” сэдвээр археологийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.[4]
Эрхэлсэн ажил
[засварлах | кодоор засварлах]ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны хувиар 1999-2005 онд Монгол, Германы хамтарсан Хархорумын судалгааны экспедицид оролцжээ.[5] Мөн Чингис хааны өв соёлын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, "Монсудар" хэвлэлийн газарт ерөнхий редактор, 2014-2020 онд Бээжин хот дахь Хятадын Төв Радио Телевизийн Ази, Африкийн төвд гадаад мэргэжилтнээр ажиллаж байв.
Эрдэм шинжилгээний бүтээл
[засварлах | кодоор засварлах]Д.Болдхуяг “Вааран савны нэр томьёоны асуудалд”,[6] “Хархорумын шаазан эдлэлийн тухай дахин өгүүлэх нь”, “Хятаны хотуудын үүрэг зориулалт” зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл, “Хятаны өв соёл” (хамтын бүтээл), “Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” (хамтын бүтээл)[7] зэрэг нэгэн сэдэвт судалгааны зохиол туурвиж хэвлүүлсэн юм.
Яруу найраг
[засварлах | кодоор засварлах]Д.Болдхуяг 1993 оноос шүлэг зохиол оролдож, 2000 онд "Миний жаахан Амбуунаа" анхныхаа номыг хэвлүүлжээ. Тэр жилээ оюутан залуусын “Бүжинлхам” наадамд “Эгчмэдхэн” шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн байна. Улмаар Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” (2001), хайрын “Цагаан уул” наадам (2002), “Алтан үзэг” наадамд (2003) жил дараалан түрүүлэв. Мөн 2006 онд монгол туургатны “Уянгын дөл” наадамд “Зэв жанжин” шүлгээрээ тэргүүн байр эзэлжээ.
Шүлгийн номууд
[засварлах | кодоор засварлах]- "Миний жаахан Амбуунаа". 2000 он
- “Чинад нууцхан сэтгэл”. 2005 он
- “Эсэруагийн охины хоолойн чимэг”. 2007 он
- “Хундага сарны онгод”. 2009 он
- “Мянган оны хойно" (Хөххотод монгол бичгээр хэвлэгдсэн). 2011 он
- “Мянган наст шүлэг”. 2013 он
- “Дурсгалын дэвтэр”. 2013 он
- “Батцэнгэлийн бадгууд” 2014 он
- “Амраг шанзны аялгуу (Бээжингийн Үндэсний хэвлэлийн хороонд монгол бичгээр хэвлэгдсэн). 2020 он
- “Хэн эс үнэмшинэ”. 2022 он
- “Ху-гийн цуур”. 2025 он
"Болор цом-29" наадам
[засварлах | кодоор засварлах]1983 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагдсан яруу найргийн "Болор цом" наадам 2011 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод болов.[8] Монголын Зохиолчдын эвлэл утга зохиол, яруу найргийг орон нутгийн иргэдэд илүү хүргэх зорилгоор уг наадмыг аймгуудаар зохион байгуулах болсны нэг нь энэ байлаа. 29 дэх удаагийн "Болор цом" наадамд 50 яруу найрагч оролцсоноос нэгийн даваанд 38 найрагч шалгарч үлдсэн юм. Улмаар яруу найрагч Д.Болдхуяг "Монгол хэл"[9] шүлгээрээ тэргүүн байр эзэлж цомын эзэн болсон бол удаах байруудад Ж.Мөнхбат, Б.Баярсайхан, Б.Мягмаржав, Ц.Эрдэнэбаатар шалгарсан.[10] Наадмын шүүгчээр Ардын уран зохиолч П.Бадарч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар, яруу найрагч Б.Ичинхорлоо нар ажиллажээ. Тухайн үед Д.Болдхуяг Өвөр Монголын их сургуулийн докторантурт суралцаж байсан тул уг наадамд Хөххотоос ирж оролцсон байна.[11] Энэ явдлаас хойш 14 жилийн дараа буюу 2025 оны "Болор цом-43" наадамд Д.Болдхуяг "Монгол бичиг" шүлгээрээ гуравдугаар байр эзэлсэн билээ.[12][13][14]
Дууны шүлэг
[засварлах | кодоор засварлах]До.Болдхуяг "Хурд" хамтлагийн “Хайрын салхи”, "Voice" хамтлагийн "Voice of Mongolia", МУГЖ Л.Болдбаатарын “Зүрхний амраг”, Д.Бурмаагийн “Хүрээ хархүү”, Д.Намсрайноровын “Зул цэцэг”, С.Батсайханы “Багын найз”, Өвөр Монголын “Нот зам” хамтлагийн “Амсаагүй жаргал”, “Битгий уйлаач”, Хөгжилбаатарын “Цогзолмаа”, “Ардын дууны Адараа” зэрэг дууны шүлгийг бичсэн бөгөөд 2013 онд “Сэтгэлийн зарлиг” хэмээх дуу, шүлгийн цомог хэвлүүлсэн юм.[15]
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Дорж-Юндэнгийн Болдхуяг". www.biirbeh.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-21.
- ↑ "Д.Болдхуяг: Хоёр, гурван аймаг булаалдаад байхаар од нь гийсэн бөх би биш". www.24tsag.mn. 2011-12-14. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ "Д.Болдхуяг: Хоёр, гурван аймаг булаалдаад байхаар од нь гийсэн бөх би биш". www.24tsag.mn. 2011-12-14. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ gogo.mn. ""Болор цом"-ын эзэн До.Болдхуяг доктор болов". gogo.mn. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ "До.Болдхуяг: "Орхоны хөндийд нийслэлээ байгуулбал хүчирхэг болно" гэх нүүдэлчдийн итгэл үнэмшил биеллээ олдог зүй тогтолтой". www.zms.mn. 2025-08-15. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ Munkhtsetseg, Enkhbat (2022-01-01). "МОНГОЛ СУДЛАЛЫН ЦУВРАЛ БИЧГҮҮДЭД НИИТЛЭГДСЭН БҮТЭЭЛИИН БҮРТГЭЛ 1959 2021 / BIBLIOGRAPHY OF PAPERS PUBLISHED IN THE MONGOLIAN STUDIES SERIES 1959-2021". МОНГОЛ СУДЛАЛЫН ЦУВРАЛ БИЧГҮҮДЭД НИИТЛЭГДСЭН БҮТЭЭЛИИН БҮРТГЭЛ (1959-2021).
- ↑ News.mn (2022-06-30). ""Даян Монголын тэнгэрийн хөх шаазан" каталогийн нээлт боллоо | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Эх хувилбараас архивласан: 2025-12-21. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ gogo.mn. "Яруу найрагч Д.Болдхуяг "Болор цом"-ын эзэн боллоо". gogo.mn. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ Zindaa. "БОЛОР ЦОМ-29 | Тэргүүн шүлэг - "Монгол хэл"". www.zindaa.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-21.
- ↑ ""Болор цом 29" наадамд Д.Болдхуяг түрүүллээ". www.24tsag.mn. 2011-12-12. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ "Д.Болдхуяг: Хоёр, гурван аймаг булаалдаад байхаар од нь гийсэн бөх би биш". www.24tsag.mn. 2011-12-14. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ News.MN (2025-11-27). ""Болор цом-43" наадамд тэргүүлсэн яруу найрагчдийн шүлэг | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Эх хувилбараас архивласан: 2025-12-21. Татаж авсан: 2025-12-21.
- ↑ "2025 оны "Болор цом" наадамд эхний гурван байр эзэлсэн шүлгүүд". duuren.life (Англи хэлээр). Татаж авсан: 2025-12-21.
- ↑ ""Болор цом-43" наадмын шилдгүүд тодорлоо". https://ergelt.mn. Татаж авсан: 2025-12-21.
{{cite web}}: External link in(help)|website= - ↑ "МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн яруу найрагч До.Болдхуягийн уран бүтээлээс – Ашид Эерэг". Эх хувилбараас архивласан: 2026-01-06. Татаж авсан: 2025-12-21.