Дорнод Слав
Дорнод Слав (орос. Восточные славяне) бол зүүн слав хэлээр ярьдаг, слав соёл, хэл шинжлэл, угсаатны түүхтэй нийгмийн нэгтгэл юм. Энэ нь бусад слав ертөнцөөс бага зэрэг ялгагдах хэл шинжлэл, угсаатны зүйн онцлогтой.

Дорнод Слав гэдэг нь газар зүйн биш, угсаатны түүхийн ойлголт юм. Дорнод Славуудын түүх нь нийтлэг Слав хэлнээс бие дааж Дорнод Славян хэл гарч эхэлсэн үеэс эхтэй гэж үздэг - хэл шинжлэлийн мэдээллээр 7-8-р зуун орчим юм. Ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар нэг үндэстэнд нэгдэж чадсан Зүүн Слав овгууд Киевийн Русийн гол хүн амыг бүрдүүлсэн байна. Дорнод Славуудын дараагийн улс төрийн үйл явцын үр дүнд 17-р зуун гэхэд Орос, Украин, Беларусь гэсэн гурван ард түмэн бий болсон түүхтэй.
11-р зуунаас өмнөх Дорнод буюу зүүн Слав (эртний Орос)-уудын тухай баримт бичгүүд маш ховор байдаг бөгөөд академийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгийн дунд 9-р зууны өмнөх үеийн нэг ч баримт байдаггүй юм. Эртний орос гаралтай хамгийн бүрэн гүйцэд, найдвартай гэх эх сурвалж бол Византийн шастирын жишээн дээр Христийн шашныг хүлээн авсны дараа эмхтгэж эхэлсэн түүхүүд юм. Одоогоор мэдэгдэж байгаа баримт дотроос хамгийн эртний нь "Он жилүүдийн тууж" (орос. Повесть временных лет) бөгөөд 11-12-р зууны зааг дээр эмхтгэсэн Оросын эртний түүх, аман зохиол, Византийн үеийн баримт бичгүүдийг багтаасан шастирын цуглуулга юм.
13-р зууны монголчуудын аян дайны дараах эртний орос үндэстэн улс төрийн хувьд орос, украин, белорус гэж хуваагдсан байна. Тэдний энэхүү нүүдэл 20-р зуун хүртэл үргэлжилсэн. 16-17-р зуунд Оросууд дунд болон доод Ижил мөрний бүс, Донын сав газарт суурьшиж, Дундад ба Өмнөд Урал, Сибирийг эзэлж, нутгийн хүн амыг эрхшээлдээ оруулж, хэсэгчлэн уусгаж байжээ. 18-р зуун гэхэд Орос, Украинчууд Хойд Хар тэнгисийн бүс нутгийн татар үндэстнийг Крым руу шахан нүүлгэн шилжүүлж, Кубань, Яик голын сав газарт суурьшсан бөгөөд 19-р зуун гэхэд Балтийн тэнгис, Финлянд, Кавказ, Төв Ази руу нэвтэрсэн түүхтэй.