Jump to content

Дорнод аймгийн музей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дорнод аймгийн музей нь 1950 онд орон нутаг судлах кабинет нэртэй байгуулагдсан бөгөөд 1967 – 1998 онд Орон нутаг судлах музей, 1999 онд Дорнод аймгийн музей болон өргөжсөн. Тус музей нь Түүх угсаатны музей, Байгалийн түүхийн музей, Жуковын музей, Уран зургийн галерей гэсэн 4 хэсэгт төрөлжүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 4000 гаруй үзмэртэй. Байнгын үзүүллэгийн 40, түр үзэсгэлэнгийн 1 танхимд үзмэрээ дэглэн олон нийтэд үйлчилж байна.

Түүх угсаатны музей нь Дорнод аймгийн танхим, генералуудын танхим, пионерийн танхим, Ц.Дамдинсүрэнгийн танхим, Х.Чойбалсангийн танхим, То Вангийн танхим, барга танхим, үзэмчин танхим, буриад танхим, үнэт эдлэлийн танхим, шашны танхим, ахуйн хэрэглээний танхим, малчин монгол танхим, уран зургийн галерей 1-3, социализмын танхим, театрын танхим, гадаад харилцааны танхим, боловсролын өрөө гэх мэт танхимд үзмэр дэглэжээ. Одоогийн Чойбалсан хот буюу Санбэйсийн хүрээний зураг нь музейн үнэт үзмэрийн нэг бөгөөд тус хүрээг 1910 – 1922 онд Ачит сан бэйс Сансрайдорж ноён захирч байжээ. Эл зургийг 1966 онд зураач Д.Гомбосүрэн бүтээжээ. Тус музейд маршал Х.Чойбалсангийн пельник, XYIII – XIX зууны үеийн цэрэг эрийн саадаг, хоромсог, худрага, хазаар, хөмөлдрөгө, 1895 онд Хөх хотод дархан Дагва, Жан-ай-лоу нарын хүрлээр цутгаж бүтээсэн 500 литр багтаамжтай Жасын хүрэл тогоо зэрэг түүхэн үнэт үзмэрүүд бий.

Байгалийн музейн ан амьтны хэсэгт мөлхөгч амьтад, жигүүртэн шувууд, хоёр нутагтан, шавьж, тал нутгийн хөхтөн амьтад, нэн ховордсон буган хандгай, буга, бор гөрөөс, бүргэд, тогоруу, загас, мөн эмийн ургамлыг байгаль дахь орчинтой нь хамт дэглэн харуулжээ.

Дорнод аймгийн түүхийг Сэцэн хан аймгаас эхлэн 1800-н оны сүүлч 1900 оны эхэн үе, 1910 он Санбэйсийн хүрээ, 1921 оны Ардын хувьсгалын нөлөө Зүүн хаягаарт өрнөсөн түүх, 1931 онд Дорнод аймаг байгуулагдсан, 1939 оны Баянтүмэн хот, Халхын голын байлдааны ар тал болж байсан, 1950-аас 1980 оны Социализмын бүтээн байгуулалтын үе, 1990 оны Ардчилсан хувьсгал болон эдүгээх бүтээн байгуулалт зэргийг түүхэн баримт гэрэл зураг, баримт материалаар үечилж өргөн цар хүрээтэйгээр түүхэн танхимыг музейн мэргэжлийн арга зүйн зөвлөл, удирдан зохион байгуулан хийж гүйцэтгэсэн байна.