Jump to content

Дорнод хязгаарын амьдрал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

“Дорнод хязгаарын амьдрал” (“Жизнь на Восточной окраине”).

"Дорнод хязгаарын амьдрал" сонин нь 1895 онд гарч эхэлжээ. 1895-1897 онд Оросын Чита хотод орос, монгол, буриад хэл дээр долоо хоногт таван удаа буриадын баян худалдаачин П.А.Бадмаевын (үз) удирдлагаар гарч байсан монгол хэл дээр гарсан Монголын анхны сонин юм. Энэ сонин нь XIX зууны сүүл үеэс хаант Оросоос Алс Дорнод, тэр тусмаа Монголын талаар явуулах улс төрийн бодлогоо идэвхжүүлж эхэлсэнтэй холбоотой гарчээ.

"Дорнод хязгаарын амьдрал" сониныг Оросын хаант засаг санхүүжүүлж байсан бөгөөд нийтлэлийн зорилго нь хөдөө аж ахуй, худалдаа, аж үйлдвэр, утга зохиол, улс төр, эдийн засгийн асуудлаар гурван хэл дээр гарах, ойлгоход дөхөм байхад оршиж байв. Сонины мэдээ нийтлэлийг монголоор гаргахыг Б.Рабданов, хятадаас орчуулахыг Өнөбаяр, орос хэвлэлийг А.Синиткин зэрэг хүмүүс хариуцаж байжээ. Сонин Нийслэл хүрээ, Ховд, Улиастайд байнгын идэвхтэн сурвалжлагч суулгаж, Оросын өртөө шуудан болон орос иргэд, худалдаачдаар дамжин тарж байв. “Монголчууд тогтмол сонин хэвлэл гэгчийг мэдэхгүй, шарын шашны үзэл суртал ард түмнийг мунхруулж, манжийн Бадруулт төр хэмээх Гуан Сүн хааны бурангуй ёс ноёрхож, улс орон битүү түгжигдмэл байсан тэр үед монгол хэл дээрх анхны хэвлэл “Дорнод хязгаарын амьдрал” сонин гарч, монгол нутагт нэвтрэн тарж байсан нь хүн амын оюун санааны амьдралд гарсан нэгэн шинэ үзэгдэл байлаа” (29.362).

"Дорнод хязгаарын амьдрал" сонин “Хааны ордны буюу засгийн газрын албан мэдээ”, “Дорнод хязгаарын аж байдал болон орон нутгийн сонсгол”, “Дорнод хязгаартай хөрш зэргэлдээ улс орны тухай мэдээ” зэрэг байнгын долоон булантай байсан. Монгол орны дотоод байдлын талаар товч боловч мэдээллийн эх сурвалж болж, гадаадын шуурхай мэдээг монгол хэл дээр гаргаж, уншигчид Монгол, Оросын аж байдлыг мэдэхэд тус нэмэр болж, хоёр орны холбоо харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байв.

Энэ сонин 1895-1897 онд нийт 450 дугаар гарч, 1897 оны 6 дугаар сарын 29-нд хаагджээ. Сонины хаагдсан шалтгааныг судлаачид П.А.Б-ын Монголыг Оросын хаант засгийн эрхшээлд татан оруулах гэсэн муйхар бодлого, тэр бодлогоо биечлэн гүйцэтгэх төв штаб болгох зорилгоор байгуулагдсан худалдааны компанийн ажил сүйрч баларсантай холбоотой гэж үздэг.

“Дорнод хязгаарын амьдрал” сонин нь Монголд Оросын хувьсгалт ардчилсан үзэл дэлгэрэхэд зохих нөлөө үзүүлсэн, Оросын дэвшилт сэхээтнүүдийн эх суурийг нь тавьсан хэвлэлүүдийн илчлэн шүүмжлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд санаачлагатай ажилласан, бас гэгээрүүлэх шинжтэй, зарим талаараа дэвшилт ардчилсан үзэлтэй сонин байжээ. Энэ сонин нь “XIX зууны сүүл үеийн Монголын түүхийн чухал сурвалж болж, олон нийтийн ухамсар, мэдлэгийг ахиулахад нөлөөлж, тэдэнд дэвшилт үзэл төлөвшүүлэхэд зохих хувь нэмэр оруулахын хамт Монголын дэвшилт сэхээтнүүдээс тогтмол хэвлэл эрхлэн гаргахад үнэтэй үлгэр загвар болсон”(58.70) юм.