Дорно дахины хөдөлмөрчдийн Коммунист Их Сургууль
И.Сталины нэрэмжит Дорно дахины хөдөлмөрчдийн Коммунист Их Сургууль (орос. Коммунисти́ческий университе́т трудя́щихся Восто́ка имени И. В. Сталина, товч. КУТВ) — ЗХУ-ын Москва хотод 1921-1938 онуудад үйл ажиллагаагаа явуулж байсан Коминтерний боловсролын байгууллага.
Түүх
[засварлах | кодоор засварлах]И.Сталины нэрэмжит Дорно дахины хөдөлмөрчдийн Коммунист Их Сургуулийг (ДХКИС буюу КУТВ) 1921 оны 2-р сарын 10-ны өдрийн Оросын Коммунист (большевик) намын Төв Хорооны тогтоолоор (1921 оны 4-р сарын 21-ний өдрийн РСФСР-ын Бүх Оросын Төв Гүйцэтгэх Хорооны тогтоол) Зөвлөлт Оросын Гэгээрлийн Ардын Комиссариатын дэргэд Москвад Азийн үндэстний оюутнуудад тусгайлан зориулан байгуулсан түүхтэй. 1921 оны 10-р сарын 21-нд Үндэстнүүдийн Ардын Комиссариатын дорнодын курсүүдийн үндсэн дээр нээгдэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. 1923 оноос хойш тус Их сургуулийг И.В.Сталины нэрэмжит болгосон юм.
Янз бүрийн цаг үед 73 үндэстний төлөөлөгчид энэ Их сургуульд суралцаж байсан.
Их сургуулийн оюутнуудыг 2 том хэсэгт хуваадаг байжээ. Үүнд:
- ЗХУ-ын оюутнууд: Тэднээс ЗХУ-ын Бүгд найрамдах улсуудын үндэсний удирдлагад ажиллах нам, зөвлөлтийн ажилтнууд бэлтгэгдсэн.
- Гадаад оюутнууд: Эх орондоо коммунизм байгуулахын төлөө тэмцэх, бослого, хувьсгал зохион байгуулахад бэлтгэгдэж байсан.
KУТВ нь 1922 оны зунаас эхлэн Ташкент, Баку, Эрхүү хотуудад өөрийн салбартай байсан юм. Тус Их сургуульд А.В.Луначарский, Л.Б.Красин, М.Н.Покровский, А.А.Губер, И.М.Рейснер, Борис Шумяцкий болон бусад хүмүүс багшилж байжээ. KУТВ-ын дэргэд Намын дээд курсүүд ажиллуулж байсан байна.
1923 оноос эхлэн сургалтын хугацаа 3 жил болжээ. Сургалтын хөтөлбөр нь ерөнхий боловсролын шинж чанартай байсан. Үндсэн ангиуд: намын ажил, улс төрийн боловсрол; үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн; эдийн засгийн; захиргааны болон хууль эрх зүйн чиглэлээр сурч байсан. КУТВ-ийн оюутнууд зуны цагт зусланд цэргийн бэлтгэлд хамрагддаг байжээ. 1923 онд уг их сургуульд 62 үндэстэн ястны 1015 оюутан сурч байжээ.
Дорно дахины хөдөлмөрчдийн Коммунист Их Сургууль 1927-1938 онд "Хувьсгалт Дорнод" (орос. Революционный Восток) сэтгүүл гаргадаг байжээ.
1928 онд KУТВ дахь хятад хэсэг, Сунь Ятсений нэрэмжит их сургууль хоёрыг нэгтгэж Хятадын Хөдөлмөрчдийн Коммунист Их Сургууль болгосон байна. 1930-аад оны дундуур KУТВ-ийн Хятад дахь салбар шинэчлэгдсэн. Түүний удирдагч нь Коминтерний Гүйцэтгэх хорооны Дорнод нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Афанасий Крымов хэмээх орос нэртэй болсон Гуо Шаотан байв.
1937 онд КУТВ нь зөвхөн Зөвлөлтийн оюутнууд суралцдаг КУТВ болон гадаад оюутнууд суралцдаг Үндэсний болон колонийн асуудлын шинжлэх ухааны хүрээлэн гэсэн бие даасан хоёр байгууллагад хуваагджээ. Тус хүрээлэнгийн захирал нь Павел Миф байсан бөгөөд оюутнуудын тал хувь нь хятадууд байв. Ийнхүү хуучин гадаадын KУТВ групп судалгааны хүрээлэнгийн нэг хэсэг болжээ. 1937 онд хоёр хэсэгт хуваагдсаны дараа KУТВ нь ЗХУ-ын Төв Гүйцэтгэх Хорооны Тэргүүлэгчдийн харьяанд очжээ.
1938 онд намын боловсролын тогтолцоог бүхэлд нь өөрчлөн зохион байгуулахтай холбогдуулан KУТВ хаагдсан байна. Үүний зэрэгцээ Бүх Холбооны Коммунист Нам (Большевикууд) болон Коминтерний Төв Хорооны шийдвэрээр ЗХУ-ын Коммунист Намын Үндэсний болон колонийн асуудлын шинжлэх ухааны хүрээлэнг мөн хаажээ.
Дорно дахины хөдөлмөрчдийн Коммунист Их Сургуульд сурч байсан монголчууд
[засварлах | кодоор засварлах]Бат-Очирын Элдэв-Очир, Золбингийн Шижээ, Гончигийн Дуламдорж, Жамбын Лхүмбэ, Цэндийн Намсрай, Базарын Ишдорж, Нямын Жагварал, Баярын Жаргалсайхан нар сурч байжээ.
Захирлууд
[засварлах | кодоор засварлах]- Бройдо, Григорий Исаакович (1921—1926)
- Шумяцкий, Борис Захарович (1926—1928)
- Райтер, Иосиф Львович (1928 — ?)