Jump to content

Дроупади Мурму

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дроупади Мурму

Дроупади Мурму (англи. Draupadi Murmu, ориа. ଦ୍ରୌପଦୀ ମୁର୍ମୁ, сантали. ᱫᱨᱚᱣᱯᱚᱫᱤ ᱢᱩᱨᱢᱩ, хинди. द्रौपदी मुर्मू; төрөхдөө Пути Биранчи Туду, англи. Puti Biranchi Tudu, ориа. ପୁଟି ବିରଞ୍ଚି ଟୁଡୁ, сантали. ᱯᱩᱛᱤ ᱵᱤᱨᱚᱱᱪᱷᱤ ᱛᱩᱫᱩ; 1958 оны 6-р сарын 20-нд төрсөн) — Энэтхэгийн улс төрч, 2022 оны 7-р сараас Энэтхэгийн 15 дахь Ерөнхийлөгч юм.

Тэрээр өмнө нь 2015-2021 онд Жарханд мужийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны сонгуульд эрх баригч Бхаратиа Жаната намаас Энэтхэгийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулжээ.

Дроупади Мурму 1958 оны 6-р сарын 20-нд Энэтхэгийн Одиша мужийн Маюрбханж дүүргийн Байдапоси тосгонд Сантал үндэстний гэр бүлд төржээ. Түүний эцэг, өвөг эцэг нь тосгоны ахлагчууд байжээ. Дроупади Мурму хожим Шям Чаран Мурмутай гэрлэсэн юм.

Дроупади Мурму төрөлх мужийнхаа нийслэл Бхубанесвар дахь Рама Деви эмэгтэйчүүдийн их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд улс төрд орохоосоо өмнө дунд сургуульд багшилж байжээ. 1997 онд тэрээр Райрангпур хотын өөрөө удирдах Зөвлөлийн гишүүн болсон. Энэ үед тэрээр аль хэдийн Бхаратиа Жаната намын гишүүн болсон байв.

2000 оны 3-р сарын 6-аас 2002 оны 8-р сарын 6 хүртэл Дроупади Мурму Одиша мужийн засгийн газарт Худалдаа, тээврийн яамны сайдаар ажиллаж байсан. 2002 оны 8-р сараас 2004 оны 5-р сарын 16 хүртэл тус мужид Загас аж ахуй, мал аж ахуйн хөгжлийн сайдаар мөн ажиллаж байжээ.

2015 онд Дроупади Мурму Жарханд мужийн захирагчаар сонгогдож, энэ албан тушаалыг хашиж буй анхны эмэгтэй болсон бөгөөд энэ албан тушаалд бүтэн 5 жилийн хугацаанд ажилласан байна.