Дуламжавын Дамдинсүрэн
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Дуламжавын Дамдинсүрэн (1909-1984) нь Шинэ цагийн Монголын дүрслэх урлагийн үндсийг тавигчдын нэг бөгөөд 1950-иад оны дунд үеэс үндэсний уран зураг буюу монгол зургийг сэргээхэд "Эхийн алдар", "Хүрээ Майдар", "Арван засгийн бөх", "Хүрээ цам", "Уран Занабазар" зэрэг олон бүтээлээрээ идэвх санаачилгатай оролцож уламжлалт урлагийнхаа сан хөмрөгийг баяжуулсан төдийгүй монгол зургийг өрнийн уран зургийн ажиллагаатай хослуулан өвөрмөц арга барилаар "Адуучин" (1961), "Жинчин" (1954), "Хот айл" (1961), "Манай нутгийнхан" (1961) зэрэг олон зургийг бүтээсэн нь шинэ үеийн уран зургийн төрөлд онцгой содон үзэгдэл болсон билээ.
Их хүрээний бурханч, зураач Д.Дамдинсүрэн нь бага наснаас 30-иад нас хүртлээ Их хүрээнд бурханы шашны шүтээн зургийн урлалд шимтэн суралцаж эзэмшсэн хэдий ч улс орны шинэ цагийн дүрслэх урлагийн хөгжлийн аясаар шашны бус энгийн амьдралыг чөлөөт сэтгэлгээгээр дүрслэх, өрнөдийн гэрэл сүүдрийг ялгах, тосон будгийн арга зэрэгт суралцан, монгол ахуй амьдралыг тусгасан олон арван бүтээлийг үлдээснээс гадна, ХХ зууны Хүрээ нь шашин соёлын гол төв болохын хамт шашны урлал хэрхэн хөгжин дэлгэрч байсан, Хүрээний буюу монголын нэрт уран бүтээлчид, тэдний бүтээлийн талаар маш чухал ховор мэдээ бичиж үлдээж, ном судар туурвисан бөгөөд түүний бүтээлүүдийн нэг нь "Их хүрээний нэрт урчууд"[permanent dead link] ном билээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Дуламжавын Дамдинсүрэн бол Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт 1909 онд төржээ. Бага насандаа Богдын хүрээнд ирж шавилан сууж байхдаа төв ном үзэхийн зэрэгцээгээр уран зургийг ихэд сонирхож Их хүрээний алдарт зураач, унзад Гэндэндамба, Наваандэндэв нараар бурхан зурах чиг, урлахуйн эрдэм заалгаж эхлэжээ.
Шашин сүм хийдийн үйл ажиллагааг хураан хааж байсан 1937 оны сүүлчээр цагийн аясыг дагаж хар болж, өөрийн авьяас мэргэжлийн дагуу Улсын хэвлэх үйлдвэрт орж, хуучин хүрээний алдарт зураач Б.Шарав, Лувсансандаг нарын хамт ном, хэвлэлийн зураг чимэглэл хийдэг болсноор амьдралдаа хоёр дахь шинэ үеийн уран бүтээлийн замаа эхэлсэн манай ахмад зураачдын нэг юм.
1950-иад оны сүүлчээс Монгол үндэсний уран зургаа сэргээн хөгжүүлж эхэлсэнээс хойш Д.Дамдинсүрэн гуай хуучин Хүрээний зургийн урлаг, уран чадвараа гаргаж бүтээсэн Арван засгийн бөх, Хүрээ Майдар, Их Хүрээний цам, зэрэг өргөн дэлгэр зохиомжтой, хүүрнэн дуулсан сайхан бүтээлүүдээр Монголын уран зургийн сан хөмрөгийг баяжуулсан бөгөөд түүний бүтээсэн 50 гаруй уран бүтээл одоо ч дүрслэх урлагийн музейд хадгалагдаж, олон түмний мэлмийг баясгасаар байна.
1960-иад онд тэрээр Адуучин, Жинчин, Миний нутаг, Тарвагчин зэрэг алдартай бүтээлүүдийг бүтээсэн бөгөөд зургуудыг харахад зохиомж, хэмнэл, угалзлаг гоёмсог дүрс, мал амьтадын хөдөлгөөн, төрх намба нь Монгол хүний амьдрал, ажигч хичээнгүй зан чанарыг бахдан гайхмаар харуулсан бүтээлүүд болсоныг зураг судлаачид, шүүмжлэгчид магтан тэмдэглэсэн байдаг.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.