Jump to content

Дундговь аймгийн музей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дундговь аймгийн музей анх 1949 онд орон нутгийн ашигт малтмалын дээжсээс бүрдсэн 20 гаруй үзмэртэй “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр байгуулагдсан. Дундговь аймгийн Мандалговь хотод байралдаг музей юм.

Одоо нэн эртний хүрэл зэвсгийн үеийн, их Монгол улсын, аймаг байгуулагдсан, дуу хуурын, аймгийн алдартны, мал аж ахйн, монголын уламжлалт тоглоомын, угсаатны зүйн, Зава Дамдины, ан амьтны, ашигт малтмалын, хэлмэгдэсдийн хэмээх 13 танхимуудад үзмэрээ зохион байгуулдаг байна. Сан хөмрөгтөө МЭӨ VIII зуунаас III мянганд, хамаарагдах хүн төрөлхтний түүхийн чухал үеийг харуулсан хүрлийн үеийн олдвор 800 орчим хадгалагдаж байгаа аймгийн чанартай музейнүүдийн нэг юм.

Хүрлийн цуглуулганд амьтны  загварт хүрэл 45 ширхэг, унжлага 40 ширхэг, хүрэл сум 400 ширхэг, хүрэл хутга 50 ширхэг, олом, арал 150 ширхэг, ахуйн хэрэглээний хүрэл 120 ширхэг хадгалагдаж байна. Мөн Боржигон цэцэн вангийн хошууны Гомбосүрэн ноёны хэрэглэж байсан зааны ясан мөнгөн тоног бүхий хэт хутга, суман ширээ, 13 литрийн багтаамжтай  гангар шаазан хул, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд багтсан “Тугалын бүлээн”-ий солир, төв халхын урчуудын урласан мөнгөн аяга, хэт хутга, эмээл, хазаар, эмэгтэй хүний гоёл чимэглэл, пийсүү толгойтой эргэн тойрон үүлэн хээг товойлгон урласан шүрэн хөөрөг болон үнэт чулуун хөөрөгнүүд, 15-19-р зууны үед хийгдсэн нарийн ур хийцтэй гуулин хөөмөл, цутгамал бурхад, шашины болон эм тангийн судар бичгүүд, угсаатны зүйн ховор сонин үзмэр, гар урчуудын бүтээл, уран зураг, алдар гавьяат түүхт хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйл, их номч, түүхч, шашины тэргүүн Зава Дамдины эдэлж хэрэглэж байсан эд зүйлээс бүрдсэн гэр музей зэрэг арвин сан хөмрөгтэй музей юм.

Мөн музейн мэргэжилтнүүд улирал бүр төрөл бүрийн /эмээл, мөнгөн аяга, хобби, дөрвөн бэрх, хөөрөг, монгол хувцас г.м/ үзэсгэлэн, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж ард иргэдийн музей үзэх идэвхи сохирхолыг дэмжин ажиллаж байна.

“Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн музей нь цахим музейн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Ингэснээр музей дижитал хэлбэрт шилжиж, тухайн үзмэрийн мэдээллийг нэг дороос шуурхай аваад зогсохгүй орон зай, цаг хугацаагаар аялсан мэт мэдрэмжийг үзэгчдэд өгөх нөхцөл бүрджээ.