Дэвисийн цом

Дэвисийн цом (Англи: Davis Cup) бол эрэгтэй теннисний хамгийн том, олон улсын багийн тэмцээн юм. Энэ нь 1900 онд анх зохиогдсон бөгөөд 1979 оноос хойш Олон улсын теннисний холбоо (англи. International Tennis Federation, ITF) -ны ивээл дор жил бүр зохион байгуулагдаж байна. Төрөл бүрийн орны теннисний багууд хоорондоо тоглолт хийдэг бөгөөд хожигдсон баг тэмцээнээс хасагддаг. Цомын одоогийн эзэмшигч (2025) бол Италийн баг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1899 онд Харвардын Их Сургуулийн 4 оюутан үндэсний шигшээ багуудын оролцоотой теннисний тэмцээн зохион байгуулах санааг гаргажээ. Тэдний нэг болох Дуайт Дэвис тэмцээний төлөвлөгөөг боловсруулж, ялагчийн шагнал болох мөнгөн цомыг өөрийн мөнгөөр худалдаж авч байжээ.
Анхны тэмцээн 1900 онд Массачусеттс мужийн Брүүклин хотод болсон бөгөөд АНУ, Их Британийн багууд оролцсон. Дэвис өөрөө АНУ-ын багт тоглож, гэнэтийн байдлаар эхний гурван тоглолтдоо ялалт байгуулжээ. Тэмцээн дараа жил нь болоогүй ч АНУ 1902 онд дахин ялалт байгуулжээ.
1904 онд АНУ баг оролцоогүй бөгөөд Бельги, түүний дараа Австрали, Франц улсууд багтжээ. 1905 он гэхэд Бельги, Австри, Франц, Австралиази (1922 он хүртэл хамт өрсөлдөж байсан Австрали, Шинэ Зеландын нэгдсэн баг)-ийн багууд тэмцээнд оролцжээ. 1913 онд 8 улс, 1939 онд 30 гаруй улс оролцсон. 1900-1939 оны хооронд уг цомд 34 удаа өрсөлдсөн (1901, 1910, эсвэл 1915-1918 онуудад тэмцээн болоогүй). 1946 он хүртэл ердөө 4 улс л цом хүртэж байжээ.
Энэхүү тэмцээнийг анх Олон Улсын Зүлгэн Теннисний Сорилт (англи. International Lawn Tennis Challenge) гэж нэрлэдэг байсан бөгөөд 1945 онд Дуайт Дэвис нас барсны дараа одоогийн "Дэвисийн цом" нэрээ авсан. 1979 он хүртэл бие даасан зохион байгуулах хороо удирддаг байсан бөгөөд түүний хүсэлтээр ITF-д шилжүүлсэн.