Дэмбээ

Дэмбээ

Дэмбээ нь монголчуудын дунд их дэлгэрсэн наадмын нэг төрөл юм. Дэмбээг зун цагт цэгээ дэлгэрсэн үед малчин ардууд хонь малаа хотлуулсны дараа зав чөлөөгөөрөө нааддаг байжээ. Дэмбээ нь богино аялгуутай шүлгийн хувьд тоглогчоос эхлээд нэг мөр аялгуулан шууд зохиомжлон хэлдэг. Монголоор зогсохгүй дүрэм нь өөр ч гэсэн Хятад улсад хүртэл үүнтэй ижил аялгуулан дуулдаг тоглоом байдаг ажээ. Монгол дэмбээд, хожигдсон өрсөлдөгч нь тодорхой хэмжээний айргийг уудаг. Дэмбээ манан хө гэж эхэлдэг.

 -Яаж тоглохыг суръя:

Хоёр хүн хоорондоо талцан: "Дэмбээ мэдэх үү, хө?" гэж аялгуулан эхлээд, толгой холбож

Ганган ганцаа
Хоёрын хоёроо
Гунан гурваа
Дөгөөтэй дөрвөө
Талын таваа
Зуравсын зургаа
Долоотой домбоо
Найзын наймаа
Есийн дэгээ
Арвын хангай

гэж хоёр гарынхаа арван хурууг дэмбээний аялгуугаар ээлжлэн гаргаж наадна.

Хоёр хүний зэрэг гаргасан хуруунуудын нийлбэр тоотой аль нэгийх нь хэлсэн тоо таарвал ялсан тооцож нэг оноо авна. Оноо авах бүртээнөгөө гарын нэг хуруугаа даран хумина. Ийм маягаар оноо авсаар эхэлж 4 оноо авсан нь "Цацлаа" гэж мэдэгдээд хумисан байсан хуруунуудаа дэлгэнэ. 5 дахь оноог эхэлж авсан нь хождог.

Хоёр тал оноо авсанаа нөгөө гарынхаа хурууг даран тооцдог байна. Хэрвээ аль нэг нь онож таавал, “дэмбээ мөндөө” буруу таавал ”дэмбээдээ бишээ хө” гэж толгой сэгсрэн үргэлжлүүлэн дэмбээддэг.

Бас тоо гаргахдаа заавал эрхий хуруугаа оролцуулж гаргах ёстой. Гаргахгүй бол бууж өглөө гэсэн үг.

Мөн дэмбээг тоглоход маш олон уран арга мэх, заль бий. Жишээ нь: Гарын дээшээ харуулсан, доошоо харуулсан нь хүртэл хурууны тоонд нөлөөлдөг учир гараа маш хурдтай эргүүлснээр, өрсөлдөгчийхөө толгойг эргүүлдэг, "цацах"-даа гараа хаа нэг тийш сунгадаг тул үүнийг өрсөлдөгчөө сандран мэгдүүлэхэд ашиглах, хуруу гаргаж байхдаа нүүр рүү нь гараа сунган анхаарлыг нь сарниулах гэх мэт өчнөөн олон аргууд байдаг ажээ.

Аялгууны хувьд нутаг нутгаасаа хамааран, яльгүй өөр байх боломжтой бөгөөд, дээр дурдсанаас арай өөрөөр тоонуудаа шүлэглэх боломж нээлттэй.

Тоглохдоо тоо таана, тоогоо шүлэглэн хэлнэ, шүлгээ аялгуулан айлдана, мөнхүү дундуур нь элдвийн заль ашиглана гээд маш олон чадвар зэрэг шаарддаг. Дэмбээг ихэвчлэн Өвөрхангай, Архангай, Дундговь аймаг зэрэг газрууд наадан тоглодог. Мөн дэмдээ нь хурдан буюу шогшоо, удаан буюу энгийн гэж байдаг. Үүнээс үзэхэд, дэмбээг тогловол хэл яриа, авхаалж самбаа үлэмж сайжрах нь яриангүй юм.

Энэ тоглоом хүний хараа, ой ухааны хурд, авхаалж самбаа, мэдрэмж зэргийг ихэд хөгжүүлдэг байна.