Дээлийн бүс
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Дээлийн бүс: Өвөг дээдэс маань хүний сүлд буюу сүнс нь хэт, малгай, бүсэнд оршино хэмээн үздэг. Бүс нь хүний хөрөнгө чинээ, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг тул даавуун, нэхмэл, ширэн, алтан, мөнгөн зэрэг олон янз байна. Эртний нүүдэлчин язгууртнууд алт, мөнгө болон бусад үнэт металлаар хийж, эрдэнийн чулуугаар шигтгэн чимэглэсэн гайхамшигтай нарийн ур хийц бүхий бүс бүсэлдэг байжээ. Ийм бүсийг агсарган бүс гэдэг бөгөөд түүн дээрх товруу, гархи чимэглэлүүдэд сэлэм, хутга, саадаг зэргээ зүүдэг байсан байна. Монголчууд харилцан анд болж, ах дүү барилдахдаа бүсээ солилцож, үүгээрээ эв найрамдлаа бэлгэддэг байсан эртний заншилтай. Гурав, тав, долоо, есөн лууг ихэс дээдсийн мөнгө, алтан агсарганд урладаг байсны нэгэн тод жишээ нь Азийн урлагийн музейд буй Юан улсын дээдсийн алтан бүс болно. Арын алтан хуудсанд үүлс, нар сарны дунд хүн төрөлхтөнд гал авчирсан домогт алтан хараацайн дүр хагалбарлан зурааслаж урласан байдаг аж.
Бүсээ чирэхийг Монголчууд эрс цээрэлдэг. Муу эрийн шинж, хийморь золбоо доройтно, өлөн гэдсээ цувууллаа, өнчирч бэлбэсрэх цондон гэнэ. Бүсийг нар зөв ороон бүслэх ба үзүүрийг нь доороос дээшээ даран хавчуулдаг заншилтай. Бүс хийх материалыг гурав юмуу таван алдаар хэмжинэ. Тооны бэлэгдэл утгыг анхаарсан хэрэг ажээ. Хэтэрхий богино бүсийг цээрлэж, ядуу зүдүүгийн ёр хэмээх ба дээрээс доошоо үзүүрийг хавчуулбал доройтож доошлохын тэмдэг гэнэ. Мөн олс дээс, шидэмс бүсэлбэл ядарч туйлдсаны шинж бөгөөд эр хүн бусдын эхнэрийн гарыг бүсэндээ хүргүүлдэггүй. Бүсээ хурган чих гаргаж, очир зангилж дэрэн дороо хийж унтах ёс нь хийморь лундаа, хүсэл зорилгоо хамгаалж буй хэрэг ажээ. Эр хүн эмэгтэй хүний бүс бүсэлдэггүй. Бүсийг хуучирлаа, муудлаа гээд хаядаггүй заавал галд шатаана. Бүс гэгч их хүндэтгэлтэй зүйл учир, дээгүүр нь алхах, гишгэх нь чанд хориотой ажээ.